Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2024.05.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд “энэ хуулийн үйлчлэлд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан нөхцөлийг хангасан эх” хамаарна гэж, 3.2-т “Энэ хуулийн 3.1.1-д заасан “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.” гэж тус тус  заасан.
Ерөнхийлөгчийн Тамгын газарт иргэдээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн нийгмийн халамжийг сайжруулах, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд оруулан тооцож алдарт эхийн одонг олгох зэрэг саналуудыг ирүүлсэн байна. 
Иймд Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төсөл хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгасан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу