НЭМЭЛТ: 13:20 ЦАГ:

Алга болсон уулчдын ар гэр болон Монголын Уулчдын Үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непал улсын нийслэл Катманду хотод очжээ.

Улмаар алга болсон хоёр уулчны үйлчилгээ авсан “8К Expeditions” компанитай холбогдож, эрэн хайх болон бусад ажлыг координатлаж буй аж.

Энэ талаар Уулчдын Үндэсний холбооноос “Багийн гурав дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна. Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө тус бүр хоёр хүчилтөрөгчтэй өгсжээ.

Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м дтд орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан. “Том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан” гэсэн мэдээлэл өгчээ. Тус өдрийн үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м дтд орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.

Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно.

4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж, 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа, мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна” гэлээ.


“Уулчид ур чадвартаа итгэлтэй байсан учраас үнэ төлбөргүй хөтөч санал болгосон ч аваагүй”

Эверестийн оргилыг зорьсон Монголын хоёр уулчин 8000 метрийн өндөрт гараад сураггүй болоод буй. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хоёр хоногийн турш холбоо бариагүй талаар “Everest Today” мэдээлсэн билээ. 

Уулчид дөрөвдүгээр сарын 5-нд эх орноосоо морджээ. Тэд Катманду хотод төвтэй экспедиц, адал явдалт аялал жуулчлалын компани болох “8K Expeditions”-ээр дамжуулан аяллаа төлөвлөсөн байна. Улмаар тус компаниас Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг Эверестэд авирахад нэмэлт хүчилтөрөгч, шерпа буюу ууланд авирах чадвараараа алдартай хөтөч хийдэг нутгийн иргэдийг санал болгосон ч тэд хүлээж аваагүй аж. Учир нь тэд Монгол Улсаас анх удаа хүчилтөрөгчгүй, шерпагүйгээр Эверестийн оргилд хүрсэн уулчид болохыг зорьжээ. 

Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19.30 цагт дөрөвдүгээр баазаас хөдөлж, Эверестийн оргил руу гарахаасаа өмнө уулын бэлд байрлах төв баазтай радиогоор холбогдсон байна. Даваа гарагт буюу энэ сарын 13-нд уулын оргилд гарахаар төлөвлөж байсан ч төв баазтай холбоо бариагүй аж.

Энэ талаар “8K Expeditions” компанийн гүйцэтгэх захирал Лакпа Шерпа “Everest Chronicle” сэтгүүлд ярилцлага өгчээ. Ингэхдээ тэрбээр “Тэд ур чадвар, хүч чадалдаа итгэлтэй байсан. Өөрсдийгөө мэргэжлийн уулчид гээд шерпагийн дэмжлэг шаардлагагүй гэсэн. Бид уг нь хөтчөө үнэ төлбөргүй санал болгосон ч тэд татгалзсан” хэмээн хэлжээ. 

Уулын бэл дэх баазад буй хүний хэлснээр, 70-80 км/цаг хүчтэй салхилж, уулчид буцахаас өөр сонголтгүй болж байсан аж. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт тохиолдоод буй эл явдал энэ хаврын улиралд Эверестэд гарсан анхны томоохон осол ажээ. Уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй бөгөөд тэдний хүрсэн өндөрлөгт нисдэг тэргээр очих боломжгүй тул хөтчүүд явганаар хайж байгаа байна.

Эх сурвалж: EVEREST CHRONICLE
Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Ганхүү өөр төлөвлөгөөтэй хэд хоногийн өмнө очсон байсан шүү. Ар гэртэй нь хамт яваагүй. Харин тосож авна. Сэвэхдээ ядаж үнэн сэв л дээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу