Торонто болон Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци” компани 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа саяхан тавьсан билээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал Петер Акерли “Нэгдүгээр улиралд “Эрдэнэ Ресурс” компани “Монголиан Майнинг Корпорэйшн” (MMC)-тэй хийсэн стратегийн түншлэлийг эцэслэн, дэлхийн хэмжээний хамгийн өндөр агуулгатай, илээр олборлох боломжтой алтны ордуудын нэг Баянхөндий алтны төслийн бүтээн байгуулалтын шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

Баянхөндий нь олборлолтын оргил үед Монголын хамгийн том алт олборлогч болох ба уул уурхайн салбарт шинэ боломжуудыг нээн, Монгол Улсын эдийн засагт уг салбараас оруулах өгөөжийг нэмэгдүүлэн, “Эрдэнэ Ресурс”-ийн хөрөнгө оруулагчдад урт хугацааны үнэ цэн бий болгох ач холбогдолтой.

Баянхөндий бүтээн байгуулалт хуваарь болон төсвийн дагуу үргэлжилж, нэгдүгээр улирлын эцэст 15 хувийн гүйцэтгэлтэй байлаа. Одоогоор төслийн талбайд 400 гаруй ажилтан ажиллаж байгаа ба 2025 оны хоёрдугаар улиралд алтны олборлолтыг эхлүүлэхээр зорьж байна” гэж хэлжээ.

Тэрбээр “Бид эхний улиралд 2024 оны хайгуулын хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд дэлхийн хэмжээний алт, зэсийн бүсийн хайгуул хязгаарлагдмал хийгдсэн Хөндий эрдсийн дүүрэг (ХЭД)-т хүдэржилтийг тэлэх зорилготой ажиллаж байна.

Бүс нутгийн хайгуулын хүрээнд Зуун Мод дахь гадаргын хайгуулын хөтөлбөрөөс гадна Хар Морь болон Улаан талбайд өндөр хэтийн төлөв бүхий бүсийг тодорхойлох ажлуудыг хоёрдугаар улиралд эхлүүлсэн” гэв.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу