Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвөөс (МЭЗШСТ) төрийн бус байгууллагууд болон Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдал” судалгааг хийжээ. Судалгааг хийхдээ Засгийн газрын гадаад зээлийн мэдээллийн 2000-2021 оны өгөгдлийг цуглуулж, бүтцийн шинжилгээ хийн богино болон урт хугацаат өрийн бүтэц, гарсан өөрчлөлт, учир шалтгааныг нь тайлбарласан байна. 

Уг судалгаанаас онцлоход, Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 8.5 тэрбум доллар байгаа бөгөөд үүний 2.7 тэрбум доллар нь урт хугацаат өрийн бичгийн (бонд) үлдэгдэл, 5.8 тэрбум нь урт хугацаат зээлийн үлдэгдэл аж. 

Мөн урт хугацааны зээлийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад гурав дахин өссөн дүн гарчээ. 

Ийм их хэмжээний зээлийг гаднын санхүүжилтээр авч байгаа хэрнэ үүнийг үр ашигтай зарцуулахгүй байна гэх дүгнэсэн байна.

Тухайлбал,  2018-2020 оны хооронд авсан зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд: 

  • Төсвийн дэмжлэгт 44.1 хувь 
  • Зам, тээврийн салбарт 16.5 хувь
  • Эрчим хүчний салбарт 7.2 хувь
  • Усан хангамж, хотын дэд бүтцэд 5.3 хувь
  • Эрүүл мэндийн салбарт 4.6 хувь 
  • Боловсролын салбарт 2.5 хувийг тус тус зарцуулжээ.

С.БАТТУЛГА: ГАДНЫН ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙН ДИЙЛЭНХ ХУВИЙГ ӨМНӨХ ЗЭЭЛЭЭ ДАРАХАД ЗАРЦУУЛЖ БАЙНА

Судалгааны талаар Монголын эдийн засгийн шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал, Эдийн засаг судлаач С.Баттулга “Олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлсэн 109 төсөл, хөтөлбөрийн талаар бид судаллаа. 2018-2021 оны хооронд тэдгээр 109 төсийн 60 гаруй хувь шилэн дансны системд мэдээллээ байршуулжээ. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг 51 хувь нь огт байршуулаагүй байна.

Тухайн төсөл, хөтөлбөрийн төлөвлөгөө, зорилгыг маш сайн оруулсан байгаа хэдий ч үр дүнгийнх нь талаар мэдээлэл алга. 

Мөн манай улсын гадаад зээл, түүний эх үүсвэрээр хэрэгжүүлж байгаа төслийн мэдээллийг байршуулахдаа ач холбогдолгүй, ойлгомжгүй байдлаар PDF файлаар байршуулдаг. Энэ нь уг мэдээлэлд анхаарал хандуулах гэсэн хүний сонирхлыг бууруулж байна. Улмаар төсөл, хөтөлбөрүүдэд хяналт тавих хүний тоо буурна.

Манай судалгааны гол чиглэл биш хэдий ч зайлшгүй ярих шаардлагатай асуудал байна. Бид авсан зээлийнхээ дийлэнх хувийг өмнөх зээлээ дарахад зарцуулж байна.

Бидний хийсэн судалгаагаар 2018-2020 онд авсан гадаад зээлийн 44,1 хувийг төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар, 29 хувийг дэд бүтцэд зарцуулсан байна. Гэтэл ердөө 4,6 хувийг эрүүл мэндэд, 2,5 хувийг боловсролын салбарт зарцуулсан байгаа юм. Үүнээс харахад гадаадаас авч байгаа энэ их зээл Монгол Улсын ирээдүйд зарцуулагдахгүй байна. Авсан зээлээ ямар ч үр ашиггүй музей, соёлын төв гэх мэт барилга, байшин барихад л зарцуулаад байна. Тэгэхээр гаднын зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, зориулалтыг нь зөв болгох талаас нь анхаарах зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Ц.ЛУТ-ОЧИР: ЗАСГИЙН ГАЗАР ГАДНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАЖ БУЙ ОЛОН ЖИШЭЭ БИЙ

Монголын эдийн засгийн шинжилгээний төвийн судлаач, эдийн засагч Ц.Лут-Очир “Засгийн газрын өрийн хэмжээ маш өндөр түвшинд хүрсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ер нь энэ өрийг төлж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Төсвийн зарлага дээр нэмээд маш их хүүгийн зарлага гарна. Үүнийг цаашид зохицуулах асуудал маш хүнд байгаа. 

Засгийн газар зээл авчихаад зориулалтыг нь дандаа өөрчилдөг.

Жишээлбэл, Дэлхийн банкны 30 сая долларын зээлээр хэрэгжих “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах” гэдэг төслийг манайх авсан. Гэтэл энэ төслийн зориулалтыг нь өөрчлөөд 2021 оны сонгуулийн өмнө малчдад 100 мянган төгрөг тараачихсан. Үлдсэн мөнгөөр нь дахиад ХХААХҮ-ийн сайд үхэр ээмэгжүүлэх зориулалтаар зарцуулах гээд яваад байна. Эцэстээ энэ их өрийг татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө. Бидний үр хүүхдүүд төлнө гэсэн үг.

Өрийн хэлхээнээс гарахын тулд манай улс нэмж зээл авахаа л болих хэрэгтэй. Улсын төсвөө алдагдалгүй баталдаг болсноор зээлийн зарцуулалтыг эргэн төлөх асуудал яригдана. Харамсалтай нь энэ оны төсөвт  800 сая доллараар гадаад өрөө нэмэгдүүлэх төсөв баталчихсан” гэв.

Н.ЭНХБАЯР: ПАРЛАМЕНТ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХГҮЙ БАЙНА

Эдийн засгаа сэргээхийн тулд цаашид ямар зохицуулалт хийж, юунд анхаарах ёстой талаар Эдийн засагч Н.Энхбаяр “Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг маш олон хуулиар үүрэг хариуцлага тусгасан байдаг ч төсвийн хөрөнгө, гадаад зээл, тусламжийг зарцуулсны дараах хяналт огт байдаггүй.

Парламентын чиг үүрэг бол тогтоол хууль гаргахаасаа гадна түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл ажлынх нь 80-90 хувь нь хууль хэлэлцэх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болчихсон байна.

Сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улс 700 хуультай гэж байгаа. Ийм их хуулийн хэрэг байхгүй. Хуулиа дагаж мөрдөж байгаа эсэх асуудал л чухал. Гэтэл ийм олон хууль гаргаад асуудлаа улам л төвөгтэй болгоод байна. 

Жишээлбэл, жил болгоны УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэн баталдаг. Энэ үед бүх алдаа, дутагдлаа ярьдаг. Ярьсан алдаа, дутагдлаа засахгүйгээр намрын чуулганаар дараа оны төсвөө хэлэлцчихдэг. Энэ маягаар өмнөх алдаагаа засахгүй яваад байгаа учраас бодлогын зөв циклгүй болчихсон байгаа юм. 

Тийм учраас парламент хяналт тавих үүргээ сайн биелүүлдэг болох шаардлагатай байна. Нэгэнт тогтоол баталсан бол тогтоолын хэрэгжилтээ Засгийн газраас асуух ёстой. 

Өмнөх тогтоолын үр дүнгээ үзэж байж, дараагийн тогтоолоо хэлэлцэх ёстой. Хэрэв өмнөх баталсан хууль, тогтоомж нь хэрэгжээгүй байвал УИХ дараагийн тогтоолыг батлахгүй, хүлээж авахгүй байх эрхтэй. Ингэж байж бодлогын зөв болно” хэмээн ярилаа. 

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу