Австралийн арьсны хорт хавдар (меланома)-ын шилдэг эмч нарын нэг болох Ричард Скольер тархины хорт хавдартай гэж оношлогдсоноосоо хойш нэг жилийн дараа уг өвчнөөс ангижирч чаджээ. Тэрбээр өөрийн хийсэн меланомагийн судалгаан дээрээ тулгуурлан, тархи ба нугасны хорт хавдар (глиобластом)-ыг эмчлэх дэлхийд анхны туршилтын эмчилгээг хийлгэсэн байна.

Түүний туссан хорт хавдрын төрөл хүнд явцтай, хурдан даамжирдаг тул ихэнх өвчтөн жил хүрэхгүй хугацаанд амьдардаг аж. Өдгөө 57 настай Р.Скольер хамгийн сүүлд хийлгэсэн MRI шинжилгээгээр хавдар дахин илрээгүй талаар өнгөрсөн Мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “Би маш их баяртай байна” гэж бичсэн байна.

Профессор Р.Скольер олон улсад нэр хүндтэй эмгэг судлаач бөгөөд хамтран зүтгэгч Жоржина Лонгийн хамтаар меланома өвчний талаарх “хүн төрөлхтний амьдралд өөрчлөлт авчрахуйц” судалгааны ажил хийснийхээ төлөө энэ онд Австралийн оны шилдэг иргэнээр шалгарчээ.

Австралийн Арьсны хорт хавдар судлалын хүрээлэнг хамтран удирдаж буй энэ хоёр хүн сүүлийн 10 жилийн хугацаанд бие махбодын дархлааны тогтолцоог ашиглан, хорт хавдрын эс рүү довтолдог эмчилгээний аргын талаар хийсэн судалгаагаараа меланомагаар шаналж буй өвчтөнүүдийн эмчилгээний үр дүнг эрс сайжруулсан байна.

Өдгөө ийм өвчтөнүүдийн тэн хагас нь ерөнхийдөө эдгэрсэн бол өмнө нь энэ үзүүлэлт 10 хүрэхгүй хувьтай байдаг байжээ.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу