Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК-ийн хооронд байгуулсан овоолго ашиглуулах, газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах, цэвэр усаар хангах гэрээг цуцалж, дуусгавар болгон, гэрээ дахин шинээр байгуулахгүй, цаашид төрийн өмчийн эд хөрөнгийг ашиглуулахгүй байх шийдвэр гарсан.

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулах тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал гарч, Ерөнхий инженер Т.Батмөнхөөр ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр (2024.05.14) “Ачит Ихт” компанид ажиллажээ.

Ажлын хэсгийнхэн “Ачит Ихт” компанийн удирдлагуудтай уулзаж, 2015 оны зургадугаар сарын 26-ны өдөр байгуулсан Овоолго ашиглуулах гэрээг цуцалж, сульфитийн хүдрийн 2-р овоолгод хүхрийн хүчлийн уусмалаар хүдрийг бороожуулан уусгах үйл ажиллагааг зогсоож байгаагаа албан ёсоор мэдэгдэв.

Мөн “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Ажлын хэсэг Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өчигдрөөс цуцалж, хязгаарлахаар болжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон талаар мэдээлэв. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Ачит-Ихт” компани дээр ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд Овоолго ашиглуулах гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоож байна.

Бид дараа дараагийн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх дараагийн Ажлын хэсэг байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэрийн мэдэлд ирэх 34 хувийн асуудал, өнгөрсөн хугацааны 34 хувьд ногдох ашгийг нөхөн төлүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүчээр, усаар хангах гэрээг хэрэгжүүлж байсныг цуцаллаа. Тус компанийн тээврийн хэрэгслүүдэд олгогдсон “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн бүсээр нэвтрэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг хүчингүй болгож байгааг мэдэгдлээ. Энэ арга хэмжээнүүд хэлэлцээр амжилттай болтол үргэлжилнэ.

“Ачит Ихт” компанийн үйлдвэрийг шууд зогсоохгүй. Үйлдвэр ашигтай бөгөөд хэвийн ажиллах ёстой. Харин овоолгод шинээр уусгалт явуулахгүй, шинээр зэс гаргахгүй гэдэг дээр хоёр тал тохиролцон насосыг зогсоож байна” гэв.

“Ачит Ихт” ХХК-ийн Үйлдвэрийн захирал И.Батболд “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд Засгийн газраас гарсан шийдвэрийг биелүүлнэ. Хамтран ажиллахад нээлттэй. Шийдвэр гарсны дараа бид “Эрдэнэт үйлдвэр”-т 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, яриа хэлэлцээрээ эхлүүлье гэсэн санал тавьсан.

Ажлын хэсэг гараад, 34 хувийг хэзээнээс яаж тооцох, ямар хэмжээний төлбөр хийх тооцоолол судалгаа гарах байх. Түүний дагуу бид 34 хувиа “Эрдэнэт үйлдвэр”-т эзэмшүүлэхэд бэлэн байна.

Манай компанид 200 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа одоогоор хэвийн, ямар нэгэн асуудалгүй үргэлжилж байна. Янз бүрийн хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэл зогсохгүй, зохицуулалтууд хийгдэнэ. Бид цалин хөлсөө авахаар ажиллаж байгаа ажилчдын боломжийг хааж болохгүй гэсэн байр суурьтай байгаа учраас дотоод ажлаа хэвийн явуулна” гэж хэлэв.

Дашрамд дурдахад, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнгөрсөн сард “Ачит Ихт” ХХК-д үзлэг шалгалт хийж, мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан тус компани гадаад улсад нэг ч үл хөдлөх хөрөнгө эзэмшдэггүй, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ямар ч хамааралгүй, холбоогүй болохоо мэдэгдсэн.

Мөн “Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр (хуучнаар) 1978 онд ашиглалтад орсноос хойш хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, исэлдсэн болон бага агуулгатай хүдрээр нийт 12 овоолго үүсгэснээс “Ачит Ихт” ХХК бага агуулгатай үүсмэл ордын 2-р овоолго дээр үйл ажилагаа явуулж байна” гэж мэдээлсэн билээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу