Засгийн газрын өнөөдрийн (2024.05.15) хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Нийслэлд өндөр ачаалалтай байгаа, гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх талаар танилцуулга хийж, Засгийн газраас чиглэл авлаа. Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халсан.

Мөн өнгөрсөн жилээс Монгол Улсад буй гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад онцгойлон анхаарал хандуулж эхэлсэн. Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургууль бий. Эдгээр сургуулийн хөрөнгө оруулалтыг 2024 оны улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлж эхэлсэн боловч зарим ажил удаашралтай байна. Тиймээс эрхийг нь нийслэлд шилжүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргатай хамтарч хийхээр боллоо. 

“Нарны хороолол”, “Алтай хотхон” гэх мэт сургуульгүй хороолол баригдсан. Эдгээр газруудтай Нийслэлийн Засаг дарга хэлэлцээ хийж, зарим газруудыг чөлөөлж байна. Тиймээс энэ сард нийслэлийн төсөвт тодотгол хийж, чөлөөлөгдсөн газруудад сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ. 

Ямартай ч энэ жил гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн 14 сургуулиас 10 сургуулийг онцгойлж, арга хэмжээ авна. Нийт 11 байршилд 5980 хүүхдийн хүчин чадалтай сургууль шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 2024 онд 40350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг гүйцээж дуусгана.

2024 онд 12 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Баянгол дүүрэгт 28-р сургуулийг хэсэгчилж, Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн өргөтгөлийг хүлээж авна. Мөн Баянзүрх дүүргийн 2-р сургуулийн барилгыг хэсэгчилж, Сүхбаатар дүүргийн 12-р сургууль, Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн барилгыг ашиглалтад, 19-р бага сургуулийн цогцолбор, ХААИС-ийн өргөтгөл, Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн өргөтгөлийг эрчимжүүлж ашиглалтад хүлээж авах ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ” гэлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

             

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу