Засгийн газрын өнөөдөр (2024.05.15)-ийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Болороо “Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 12 бүлэг, 45 зүйлтэй. Шинэчилсэн найруулга 11 бүлэг, 44 зүйлтэй. Энэ хуулийн төслөөс хүртээмжтэй холбоотой зохицуулалт тэр чигээрээ хасагдаж байна. Учир нь манай яаманд Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулагдаж байна.

Монгол Улсын түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр санхүүгийн зардлын ангилал гаргаж, сайд бүр энэ асуудалд анхаарах чиглэлийг хуулийн төсөлд тусгаж байна.

Одоогийн нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэхээр л зөвхөн ХНХЯ-ны асуудал мэт, аль эсвэл зөвхөн халамжийн асуудал шиг яригддаг. Шинэчилсэн найруулгаар бүх сайд өөрсдийнхөө багцад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах чиглэлд тодорхой төсөв тавьдаг болъё гэсэн томьёололтой болох гэж байна.

Хуулийн төслөө төр болон төрийн бус байгууллагуудаар 20 гаруй удаа хэлэлцүүлсэн. 450 гаруй санал ирснийг тусгаж ажилласан. Хуулийн төсөлд шинээр дөрвөн зүйл нэмэгдэж байна. Тухайлбал,

Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүд хомс байдаг.  Тиймээс барилга байгууламж ашиглалтад орсноор энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх асуудал тусгагдсан.

Хоёрдугаарт, УИХ-ын чиг үүргийг шинээр нэмж тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг жил бүр УИХ-аар оруулж, сайд, гишүүдэд танилцуулдаг тогтолцоотой болно.

Гуравдугаарт, төрийн бус байгууллагуудад тавигдах шаардлагуудыг багтаасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусгай эрхтэй хүн ерөөсөө биш. Бусад хүмүүс ямар эрхтэй байдаг вэ, яг л адилхан. Тиймээс хөгжлийн бэрхшээлийн асуудлыг бүх салбарт ярих ёстой гэж үзэж, төрийн зарим чиг үүргийн төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлууд эрчимтэй явагдсан.

Дөрөвдүгээрт, нийгмийн баталгааны асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа үйлчилгээний алба хаагчдын нийгмийн баталгааны асуудал. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвүүдэд ажиллаж байгаа хүмүүс тогтворгүй байна. Энэ нь нийгмийн хангамжийн асуудал орхигдсонтой холбоотой. Тиймээс энэ талаарх зохицуулалтыг нэмж тусгасан.

Ерөнхийдөө хуульд өөрчлөгдөөгүй зүйл, заалт ховор. Хамгийн гол нь өмнө нь ерөнхий байсан заалтуудыг илүү нарийвчлан тодруулж өгсөн” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу