Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.05.15) хэвлэлд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Ногоон автобусны дуулиан өнгөрсөн оны наймдугаар сараас яригдаж эхэлсэн. Энэ асуудлыг ил болгосноос болоод Хотын дарга асан Д.Сумъяабазар өнөөдрийг хүртэл надад уурлаж, дургүйцэлтэй хандаж байна. Тэр асуудлаараа телевизэд ярилцлага өгч байна лээ.

Би Д.Сумъяабазар даргын яриаг сонсоод, нар баруунаас мандах нь дээ гэж бодсон. Нүдийг нь боож, чихийг нь бөглөж, гарыг нь барьж байгаад тендер зарлуулаад, хуучин автобус авчирсан болгох гэж байна. “Өөрөө бүдэрсэн хүүхэд уйлдаггүй юм даа” гэдэг хариулт хэлье дээ” гэв.

“Ногоон” автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх түр хороо өчигдөр (2024.05.14) хуралдаж, сонсголын тов, хэлэлцэх асуудал, дуудах гэрчүүд зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан билээ.

Тодруулбал, сонсголыг тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм.

Сануулахад, “Ногоон автобус”-ны сонсголд 

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ нарын 98 хүнийг гэрчээр дуудсан билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу