Дорнод аймгийн төв Чойболсан хотноо Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан арга хэмжээний нээлт боллоо. Энэ талаар тус хотын захиргаанаас ТАСС агентлагийн сурвалжлагчид мэдээлэв.

Хотын захирагчийн хэвлэлийн албанаас “Дорнод аймгийн Халхын голд 1939 оны тавдугаар сард япон цэргүүд Монголын хилийн отряд руу гал нээсний улмаас тулаан эхэлсэн. Иймд жил бүрийн тавдугаар сараас эхлэн Зөвлөлт-Монголын армийн ялалтад зориулсан арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай” гэж мэдэгдлээ.

Тус албанаас мэдээлснээр, Чойболсан хотод энэ жил цэргийн ангиудын гардан тулааны үзүүлбэр бүхий ёслолын жагсаал, концерт зохион байгуулжээ. Дорнод аймгийн удирдлагууд Халхын голын байлдаанд оролцож явсан, сүүлчийн амьд “гэрч” Цэрэнгийн Чимэдцэрэн энэ нутагт төрж, өссөн талаар дурсав.

Хотын захиргааны мэдээллээр, Ц.Чимэдцэрэн энэ онд 100 нас зооглож байгаа юм байна. 15 настайдаа цэргийн албанд сайн дураараа татагдаж, сувилагчаар ажиллаж байсан тэрбээр 2024 онд ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон Ялалтын баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын хүндэт зочноор оролцсон байна” гэж тэмдэглэжээ.

Халхын голын байлдаан

Халхын голын эрэг дээр 1939 оны тавдугаар сарын 11-нд ЗХУ, Японы хооронд байлдааны ажиллагаа эхэлсэн. Георгий Жуковын удирдлага дор Зөвлөлт, Монголын цэргүүд БНМАУ руу довтолсон Японы Квантуны армийн бүрэлдэхүүнийг бут цохиж, наймдугаар сарын сүүлч гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөн гаргасан. ЗХУ, БНМАУ, Япон улс 1939 оны есдүгээр сарын 15-нд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Жуковын хувьд томоохон тулаан удирдсан анхны тохиолдол нь энэ байв. Командлагчийг Монгол Улсын одон медаль, БНМАУ-ын баатар цолоор шагнасан. Түүний Улаанбаатарт амьдарч байсан байшинд дэлхийд цор ганц Жуковын музей бий.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу