Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевт шүүхээс 24 жилийн хорих ял оноосон. Түүнийг хууль ёсны эхнэрээ онц харгис хэрцгий аргаар, эрүүдэн шүүж хөнөөсөн хэрэгт гэм буруутайд тооцжээ. Тэрбээр хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлэх юм байна.

Салтанат Нукеновагийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг маш их шуугиан дэгдээсэн бөгөөд Бишимбаевд холбогдох хэргийг шүүх үеэр Казахстанд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох тухай хууль батлагдсан.

Куандык Бишимбаев 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд 31 настай Салтанат Нукеноваг ресторанд хоёр удаа зодсон бөгөөд тэрбээр VIP өрөөнд хэдэн цагийн турш ухаангүй байж байгаад нас баржээ.

Бишимбаевын хамаатан, тус байгууллагын захирал Бахытжан Байжанов хохирогчийг зодуулснаас хойш 12 цаг гаруйн дараа яаралтай тусламж дуудсан байна. Шүүхээс Бахытжан Байжановд гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэгт гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ял оноожээ.

Бишимбаев хэрэг гарсан орой эхнэр нь архи ууж, түүнийг “өдсөн” гэж мэдэгдсэн. Энэ дагуу шүүх эмнэлгийн шинжээчид шинжилгээ хийж, хохирогчийн цусанд агуулагдах спиртийн хэмжээ бага байсныг тогтоосон байна.

Талийгаачийн биед олон тооны цус хуралт үүссэн байжээ. Мэргэжилтнүүд хохирогч эмэгтэйн хамар хугарсан болохыг тогтоосон байна. Хохирогч эмэгтэй гавал, тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.

Шүүх хурлын үеэр Салтанат Нукеновагийн хамаатан садан, найз нөхөд Бишимбаев эхнэрээ байнга зоддог байсан тухай мэдэгдсэн байна. Үүнийг хохирогчийн илгээж байсан гэрэл зургууд нотолжээ.

Тангарагтны шүүхэд, Салтанат Нукеновагийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хурал нээлттэй болсон байна. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ асуудлыг онцгой хяналтад авахыг Дотоод хэргийн яамны удирдлагуудад үүрэг болгожээ.

Бишимбаев шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “Би буруутай, гэхдээ санаатай хүн амины хэрэг үйлдээгүй” гэжээ.

Өдгөө 44 настай тэрбээр 2016 оны 5-12 дугаар сар хүртэл Казахстаны Үндэсний эдийн засгийн сайдаар ажиллаж, 2018 онд авлигын хэрэгт холбогдож, 10 жилийн хорих ял авсан байна. Гэвч жил хагасын дараа түүнд тухайн үеийн Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өршөөл үзүүлж суллажээ.

Казахстаны Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, тус улсад жил бүр дор хаяж 80 эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаж байгаа аж. Казахстаны цагдаагийн газарт өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 300 дуудлага ирдэг байна. Иймд 2024 оны өнгөрсөн дөрөвдүгээр сард Казахстаны Сенат гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох тухай хуулийг баталжээ.

Эх сурвалж: КOMMERSANT, ORDA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу