УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн батлах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

“НҮҮРСНИЙ ГЭХ СОНСГОЛЫН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦУУЛСАН ХҮН АЛГА”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цагаан хадны боомт дээр 29-хөн км газарт 60 сая төгрөгөөр нүүрс тээвэр хийж байгаа талаар би өмнө нь мэдээлсэн. Түүнээс 3-4 сарын дараа тэр тээвэр 120 сая төгрөг болсон. Анх гурван сая төгрөгөөр хийдэг байсан тээврийг ковид-ын үед 120 сая төгрөг болгож байгаад, нүүрсний хулгай хийсэн.

Өдөрт 30 машин гаргалаа гэхэд 36 тэрбум төгрөг хулгайлж байсан гэсэн үг. Ийм луйврыг хоёр жил гаруйн хугацаанд хийсэн. Гэвч энэ хулгайн талаар хэн ч яриагүй. Учир нь үүнд бүх дарга, хуулийнхан холбоотой болохоор ил гаргаж ирэхгүй байна.

“Нүүрсний” гэх сонсголын дагуу хариуцлага тооцуулсан хүн алга. Жишээ нь, гэмт бүлэглэл байгуулж, нүүрс хулгайлсан гэх Т.Аюурсайханд гурван жилийн ял өгсөн. Арав гаруй сар шалгагдсан нь ялын хугацаанд тооцогдоно. Үндсэндээ 1.5 жилийн ял эдлээд, тэр хүн суллагдана.

“За Аюурсайхаан, нүүрсний хулгай баахан пижигнүүлчихсэн. Ард түмэн хариуцлага тооц гээд байна. Удахгүй их хурлын, дараа нь орон нутгийн сонгууль болно. Миний хөгшин арваннэгдүгээр сард гарчих л даа” гэж хэлж байгаагаас ялгаагүй хариуцлага тооцож байна. Ялын дээд хэмжээ нь 12 жил, тэр хэмжээгээр нь шийтгэсэн бол хүмүүс хаширна. Гэтэл тэгж чадаагүй” гэв.

Б.ПҮРЭВДОРЖ ГИШҮҮНИЙ ХЭЛСЭН ШИГ “ИРЭХ ОНД ГАРЧИХНА” ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ХҮН БАЙГАА ЮМ БИЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нүүрсний хулгай”-н асуудлаар сонсгол хийж, 9700 гаруй хуудас материалыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Энэ асуудлаар шүүхээс шийтгүүлсэн хүмүүсийн заримаас сая Б.Пүрэвдорж гишүүний хэлсэн шиг “Ирэх онд гарчихна” гэж ярьж байгаа хүн байгаа юм билээ.

“Авлига, албан тушаалын гэмт хэргээр шийтгүүлсэн этгээдийг магадлангаар суллахгүй” гэдэг заалттай хуулийг УИХ-аас баталсан. Тиймээс нүүрсний хулгайн хэргээр шийтгүүлсэн хүмүүс магадлангаар суллагдахгүй, хорих ялаа дуустал эдэлнэ” гэлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу