Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоноосоо хойш анхны гадаад айлчлалаа Хятадаас эхлүүллээ. Тэрбээр айлчлалын хүрээнд тавдугаар сарын 16-нд Бээжинд, 17-нд Хэйлунжан мужийн засаг захиргааны төв Харбин хотод зочлох юм байна.

Владимир Путин БНХАУ-д хоёр хоногийн хугацаатай төрийн айлчлал хийхээр өнөөдөр (2024.05.16) Бээжин хотноо хүрэлцэн ирэв. Оросын төрийн тэргүүний туслах Ушаковын мэдээлснээр, айлчлалын эхний өдрийн хөтөлбөр үйл явдлаар дүүрэн байгаа аж.

Хоёр орны төрийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт, хэлэлцээний дараа талууд хэд хэдэн гэрээ, баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Дараа нь удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөр төлөвлөжээ.

Ушаковын хэлснээр, Пүрэв гаригийн орой тэд албан бусаар уулзаж, цайны үеэр ганцаарчлан ярилцаж, ордны дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юм байна. Дараа нь төлөөлөгчдийн зарим гишүүдийн оролцоотой албан бус оройн зоог барих явцдаа яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх ажээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжингийн Ардын их хурлын ордонд хийсэн уулзалтын үеэр “Москва, Бээжин хоёр практик хамтын ажиллагааны бат бөх суурийг тавьсан. Хятад Улс бол ОХУ-ын худалдаа, эдийн засгийн салбарын гол түнш юм” гэж мэдэгджээ.

Тэрбээр 2023 онд хоёр талын худалдааны бараа эргэлт нэмэгдэж, 227 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэнийг дурдсан байна. 

Оросын төрийн тэргүүн айлчлалын өмнө Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Орос, Хятад улсууд стратегийн түншлэлээ шинэ түвшинд ахиулж, гадаад бодлогын уялдаа холбоог сайжруулах явдал юм” гэж онцолсон байна.

Гаднын хэвлэлүүдэд мэдээлснээр, хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын гол сэдэв Украины дайн байх бөгөөд Ойрхи Дорнод, ялангуяа Газын хямралын талаар байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцох ажээ.

Үүний өмнө тэргүүлэгчид БНХАУ-ын даргын нэрийн өмнөөс төрийн хүлээн авалт болон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, соёлын он жилүүд эхэлсний баярын гала концертод оролцох юм байна. Мөн Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян нар тусдаа уулзалт хийхээр төлөвлөжээ.

Мөн төрийн тэргүүнүүд худалдаа, аюулгүй байдал, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарна гэж мэдээлж байна. Үүнд аж үйлдвэр, өндөр технологи, сансар судлал, цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглах, хиймэл оюун, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацийн салбарт хамтран ажиллахад анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI, XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу