Цагдаагийн байгууллагаас тавдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаагийн дүү Х.Болдбаатарын гэр болон ажлын байранд прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, улмаар түүний эзэмшлийн “Монгол арт галерей”-гаас 60 орчим уран зураг хураан авсан талаар мэдээлсэн.

Үүний зэрэгцээ тэдгээрийн дотор “Монголын уран зургийн галерей”-н тооллогоор дутсан, хулгайд алдагдсан байж болзошгүй уран зураг, урлагийн бүтээлүүдийн нэрийг нь өөрчлөн, нуун хадгалж байсан гэх зэрэг мэдээллүүд цацагдсан билээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х сүлжээ (хуучнаар Твиттер)-гээр дамжуулан өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр “Зургаар гүтгэдэг мэхээ дахин хийж. Хэдэн жилийн өмнө бүгдийг нэгжиж онгичсон. Сайн юм гээд хүссэн бүхнийг нь үзүүлсэн. Монголын Ерөнхийлөгчөөс хэн нь ч зураг хулгайлах гэж явахгүй дээ.

Итгэж болно. Надаас юу ч олохгүй. Байхгүй юмнаас юу олох вэ. Надад итгэж байгаа хэний ч нүүрийг би түлэхгүй. “Мааф, 49, Систем”… гээд том юмаар гүтгэдэг байснаа ийм хурдан ёроолдоо унах юм уу? Дахин сануулахад, хуулийн байгууллагыг хөлдөө чирэхээ зогсоо-09!!” гэжээ.

Мөн “Гүтгэх бол оноо зөв тавиад гүтгэмээр юм. 2008 оноос өмнө алга болсон гээд байгаа. Ерөнхийлөгч байхдаа гээд байгаа. Манайх 2009 оны намар тэнд нүүж очсон. Тэр 21 зургаас өмнө шалгаж байхдаа нэг зураг таарлаа гэсэн. Гэтэл тэр нь 2004 оноос өмнө манай цуглуулгад ирсэн нь тогтоогдсон.

Социализмын зураг шиг үнэгүй юм нэг үе байгаагүй. Байраа засаж байгаа айл зураг дэвсчихсэн ханаа буддаг л байсан. Сайн юм байвал би Монголдоо зориулна. Гайгүй галерей үлдээнэ гэж олон жил мөрөөдөж, 30 гаруй жил зураг цуглуулсан. Цуглуулагч хэзээ ч хулгайч байдаггүй. Хүн өөрийнхөө эвдэрсэн түвшинд сэтгэдэг юм” гэжээ.

Өмнө нь тэрбээр “Ирээд шалгуул” гэж үг зааж өгчээ. Хууль дуудвал би очдог. Дарга дуудвал ажлаа боддог. Би хөдөлмөрийн гэрээтэй хэд хэдэн ажил хийж байгаа хүн. Монголын хуульд Монголдоо байж байгаад би таван жил шалгуулсан. Хар, цагааныг нь мэргэжлийн хуульчид ялгасан. Хууль зөрчсөн нь тогтоогдсонгүй гэж үзсэн. Давтаад хэлье. Монголын хууль намайг шалгачихсан. Монгол дуудвал би гүйгээд очно, харин Москвагийн даалгавраар дуудвал би бодно” гэж бичиж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу