Эрүүгийн цагдаагийн албанаас “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” зэрэг уул уурхайн компани, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базар, түүний уул уурхайн компаниудын гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.

Тэднийг “Кредит” болон “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн хувьцааг хууль бус хөрөнгөөр худалдан авсан байж болзошгүй, мөн татвараас зайлсхийж, “Алтайн хүдэр”, “Бүрдэл майнинг” ХХК-иараа дамжуулж мөнгө угаасан байж болзошгүй, сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.

Хамгийн ноцтой нь, Тээвэр хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Р.Базарын тус банкан дахь данс руу гаднын нэгэн орноос маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм.

“Баян” хочит Р.Базарыг өчигдөр буюу тавдугаар сарын 15-ны өдөр өмгөөлөгчийнх нь гаргасан гомдлын дагуу үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзээд, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж сулласан. Гэвч прокурорын байгууллагаас яллагдагч Р.Базарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал ирүүлсэн тул маргааш буюу Баасан гаргийн 13.30 цагт шүүх хурал болох юм байна.

Сануулахад, “Алтайн хүдэр” компани оффшор бүсэд байгуулсан компанитайгаа гэрээ байгуулж, дэлхийн зах зээлийн ханшаар хүдэр борлуулсан орлогоо тухайн аж ахуйн нэгжийнхээ данс руу шилжүүлж, Монгол Улсад бага орлого олсон мэтээр тайлан гаргаж, түүнээсээ татвараа төлж, илүү гарсан мөнгөө угаасан гэсэн мэдээлэл гарсан.

Үүнээс гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 2012 онд авсан зээлээ төлөөгүй тул Лондоны арбитрын шүүхийн шийдвэр гарч, нийт 31170540 ам.доллар, 15736 евро, 1138549 фунт стерлинг Р.Базарын компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн аж.

Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Цээл сум дахь Таяннуурын уурхайн баяжуулах үйлдвэр, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийнх нь хамт албадан дуудлагаар худалдахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Р.Базар Худалдаа, хөгжлийн банкнаас 400-гаад сая еврог ОХУ-ын нэгэн банк руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Кредит”, Тээвэр, хөгжлийн банканд оруулж, активыг нь нэмэх замаар банкны өөрийн хөрөнгөөр хувьцаа худалдан авсан байх магадлалтай тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Мөн хууль бусаар цахим мөрийтэй тоглоом тоглож, нэг тэрбум орчим төгрөг алдаж, түүндээ уурсан, хамт тоглож байсан нэгэн залууг хэд хэдэн хүний хамт зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт буруутган, шалгаж байгаа аж.

Сарын өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд Р.Базарын хамаарал бүхий дээрх аж ахуйн нэгжүүдийн байранд прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийсэн. Улмаар Р.Базар, В.Бат-Эрдэнэ нараас гадна тэдний үйлдэлд холбогдуулан нэг бус хүнийг саатуулан байцаажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу