Америкийн алдарт илбэчин Дэвид Копперфилдийг дор хаяж 16 эмэгтэй бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа бөгөөд үйл явдлууд 1980-2014 оны хооронд болсон талаар “The Guardian” мэдээлжээ.

Тус хэвлэл судалгаа явуулсан бөгөөд алдарт илбэчний талаар гомдол гаргасан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь тэдний эсрэг зохисгүй үйлдэл гарах үед бүгд 18 нас хүрээгүй байсан гэж мэдэгдсэн байна.

“The Guardian” Копперфилд “эмэгтэйчүүдтэй харилцаанд орохоосоо өмнө хар тамхи хэрэглэдэг байсан байж болзошгүй” гэж тэмдэглэжээ.

Өдгөө 67 настай Копперфилд бусдад бэлгийн дарамт учруулсан гэх мэдээллийг үгүйсгэсэн байна. Мөн түүний өмгөөлөгч нар “The Guardian” сэтгүүлд “Копперфилд насанд хүрээгүй хүн битгий хэл хэнтэй ч зүй бусаар харьцаж байгаагүй” гэж мэдэгджээ.

Тэд “Копперфилд эелдэг, ичимхий зантай, эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил хүндэтгэлтэй ханддаг. Бидний үйлчлүүлэгч бол #MeToo хөдөлгөөнийг дэмждэг бөгөөд эмэгтэйчүүдийг хүчирхийлэлд өртсөн тухай түүхээ ярихыг уриалсан” гэж хэлсэн байна. Мөн тэд өмнө нь ч илбэчний эсрэг маш олон худал мэдээлэл цацагдаж байсан талаар дурджээ.

Зарим эмэгтэйчүүдийн хувьд #MeToo хөдөлгөөний дараа л “The Guardian” сэтгүүлд Копперфилдтэй холбоотой хүчирхийллийн талаар ярих боломжтой болсон тухайгаа хэлсэн байна.

Нэрт илбэчнийг бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгаж буй 16 эмэгтэйн нэг Бритни Льюис 1988 онд түүнийг 17 настай загвар өмсөгч байхад Копперфилд хар тамхи хэрэглэж, бэлгийн дарамт үзүүлсэн гэж ярьжээ. Энэ тухай мэдээлэл 2018 онд “The Wrap”-д нийтлэгдэж, олон нийтэд ил болсон ч илбэчин үгүйсгэж байсан аж.

Бас нэг эмэгтэй “The Guardian”-д өөрт нь үүнтэй төстэй зүйл тохиолдсон талаар ярьсан байна. Гилиан (нэрийг нь өөрчилсөн) “1993 онд Копперфилдтэй уулзаж, архи уухаар тохиролцсон бөгөөд түүнийг хар тамхинд донтсон нэгэн болохыг олж мэдсэн тухайгаа ярьжээ.

Эх сурвалж: THE GUARDIAN, AIF
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу