УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2024.05.16) нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Энэ хуулийн төслийг санаачлагч 14 гишүүний нэг нь би байгаа юм. Ахмадуудын өмнө тулгарч буй олон асуудлуудыг эрх зүй, санхүүжилтийн хувьд нь нарийвчлан зохицуулах заалтуудыг оруулж өгснөөрөө эл хууль өндөр ач холбогдолтой.  Тухайлбал, 

Нэгдүгээрт, ахмадуудад хөдөлмөр эрхлэх эрх зүйн зохицуулалт байхгүйгээс болж насаараа гадуурхагдаж, эсхүл хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй байх гэх мэт олон асуудал тулгарч байсан бол бид хуульд энэ асуудлыг маш нарийн зохицуулсан. Тухайн ахмад настны ажиллах цаг, НДШ төлөх эсэхийг нь хүртэл тусгасан. 

Хоёрдугаарт, Ахмадууд хороон дээрээ үйл ажиллагаа явуулах ямар ч санхүүгийн зардал байдаггүй учраас хаа нэг газраас дэмжлэг авах хүсэл маш их байдаг. Тиймээс Ахмадын сан байгуулахаар зохицуулсан. Энэ сан нь хороонд нь байрлавал илүү ач холбогдолтой гэж ахмадууд үзэж байгаа. Харин ажлын хэсгийн зүгээс тухайн асуудлыг хариуцсан сайдын багцад нь оруулж, дүүрэг нь хороо руугаа илгээх зохицуулалтаар явъя гэсэн. Уг нь энэ асуудлыг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэлэлцээд, хороонд нь хариуцуулмаар байгаа юм. 

Гуравдугаарт, Ипотекийн зээлд ахмадууд хамрагдах боломж алга. Энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулах вэ?

Хуримтлалын сангаа мөнгө гаргаад, 1.2 их наяд төгрөгийг 2 сая төгрөгөөс доош орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоход зарцуулна гэсэн. Үүнийг иргэд маш таатай хүлээж авч байна. Үүнд ахмадуудыг хэрхэн хамруулах вэ?

ХНХ-ын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: Барилга хот байгуулалтын яаманд Орон сууцжуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд яамдаас санал авч байгаа. Хуулийн төсөлд ахмад настныг орон сууцжуулах тухай асуудал нарийн тусгагдана.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу