Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хуулийн дагуу дээр дурдсан төслүүдэд дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй. Энэ хүрээнд өчигдөр (2024.05.16) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөл, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг батлах тухай”  зэрэг Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өгч буй дүгнэлт, зөвлөмж болон холбогдох мэдээллүүдийг танилцуулж, хэвлэлийн бага хурал хийсэн.

Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр, тус зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа дэлгэрэнгүй танилцуулга хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгч буй дүгнэлт, зөвлөмжөө Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн.

Тус зөвлөл “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь Монгол Улсын хувьд нэн чухал зорилт тул төсвийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай” хэмээн  үзжээ. Тиймээс дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг бодлогын баримт бичгийн хувьд макро эдийн засгийн нөхцөл байдалд нийцсэн, төсвийн тусгай шаардлагыг хангасан байдлаар Улсын Их Хурал батлах нь чухал гэж үзээд, баримталж буй бодлогоо эрэмбэлжээ.

Тухайлбал, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тооцооллоор ДНБ-ий өсөлт өндөр байх боломжтой гарсан ч макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн тухайд харгалзан үзвэл зохих дээд, доод хувилбар буюу хязгаарыг санал болгосон аж. Ингэхдээ бодлогын үндсэн зорилтыг ДНБ-д төсвийн орлого, зарлагын эзлэх хувь хэмээн үзжээ. Мөн илүү гарсан орлогыг хуримтлуулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах арга хэмжээнд зарцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ агуулгаар харвал Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд хүргүүлсэн “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайланд тусгагдсан эдийн засгийн таамаглал, гадаад дотоод эдийн засгийн эрсдэл, төсвийн үзүүлэлттэй зарим талаар нийцтэй бус байна гэж дүгнэжээ.

Цар тахлын дараагийн жилээс нүүрсний экспортын орлогыг дагаж төсвийн зарлага ихээхэн өссөн нь цаашид эдийн засагт дарамт учруулах хэмжээнд хүрч болзошгүй байгаа аж. Иймд цаашид тулгарч болзошгүй түүхий эдийн үнийн уналт, экспортын орлогын тасалдал, төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлж төсвийн орлого, зарлагын өсөлтийг зайлшгүй сааруулах шаардлагатайг онцлов.

Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгагдсан нүүрсний экспортын орлого, улмаар төсвийн нийт орлого нь бодит байдлаас ихээхэн өндөр, хэт өөдрөг төлөвлөгдсөн гэж үзжээ.

Бодит байдлаа харвал экспортын болон төсвийн гүйцэтгэл төсөөлж буй хэмжээнээс буурах, төсвийн орлого тасалдах, улмаар улсын төсвийн алдагдал нэмэгдэх, 2025 оны төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан боловч орлого, санхүүжилтийн тасалдлын улмаас хэрэгжиж буй хөрөнгө оруулалт зогсох, он дамжих хөрөнгө оруулалт, барилга объектын тоо нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар үүсэхээр байгаа ажээ.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэснээр, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөлөлд төсвийн орлого, зарлага ихээхэн нэмэгдэхээр тооцсоноос үзвэл мөчлөг дагасан төсвийн бодлогыг цаашид хэвээр хадгалахаар байгаа юм байна.

Төсвийн тэлэлтийг цаашид хэвээр хадгалах аваас эдийн засгийн хөгжлийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлийг бууруулах бодлогын зорилт хэрэгжихгүй байх магадлал өндөр аж. Түүнээс гадна өргөн барьсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзэл баримтлалд энэхүү баримт бичгийн нийгэм, эдийн засгийн үр дагаврыг зөвхөн төсөв боловсруулах тооцоолол хийх гэж өнгөцхөн тодорхойлсон байна гэж үзжээ.

Үүнээс гадна 1) Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн таамаглал өндөр байгаа нь хэт өөдрөг төсөөлөлд суурилсан, 2) Төсвийн хувьд өмнөх алдаа буюу төсвийн хэт тэлэлт, мөчлөг дагасан, эрсдэлийг нэмэгдүүлэх бодлого хэвээр хадгалагдсан, 3) Төсвийн хөрөнгө оруулалтын хүрээнд өмнөх зохисгүй бодлого үргэлжлэх хандлага ажиглагдаж байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд дурдсан байна.

Мөн өргөн барьсан төсөлд инфляцыг гурван хувьд хүргэх, өрийн хэмжээ, ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдлыг хуулийн хязгаарт барих, улмаар бууруулах, гол үзүүлэлтүүдийг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай. Гэвч эдгээр таамаглал нь зөвхөн гадаад худалдаа, эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөлөл биелэгдэх нөхцөлд хэрэгжих боломжтойг гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ийн гишүүд хэлж байлаа.

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, түүнд хавсарган өргөн барьсан “Монгол улсын 2025 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”, “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт” гэсэн гурван баримт бичигт “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн хоорондын уялдаа, хамаарал”, “Бодлогын тэргүүлэх чиглэл, жилийн төлөвлөгөөний зорилго, зорилт, үр дүн ба хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт хоорондын уялдаа, нийцэл”, “Хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилт, төсөвт үзүүлэх нөлөө”, “2025 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн зарим төслүүдийн талаар” дөрвөн чиглэлээр шинжилгээ хийж, нийт 16 дүгнэлт, 13 зөвлөмж гаргасан байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан “Төсвийн зарлагыг хумих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай” гэж онцоллоо. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал. Ингэж чадахгүй бол төсвийн алдагдал, өрийн байдал, мөчлөг дагасан хямрал, гадаадын хөрөнгө оруулалтын бууралт, нэг салбараас хэт хамааралтай байдал зэрэг нь үргэлжилнэ.

Дунд хугацаандаа төсвийн бодлогоо зөв барьж чадвал Улсын төсөв, өр, тогтворжилт гээд олон асуудлыг шийдэх боломжтой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ байдал хангагдсангүй.

Хуулийн хугацаанд буюу гуравдугаар сарын 15-нд зөвлөлөөс Монгол Улсын макро эдийн засгийн таамаглалыг гаргаж, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад шаардлагатай суурь баримт бичгийг бэлдсэн. Үүнийг баримтлан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах ёстой ч бодит байдал дээр энэ нь бидний өгсөн тоонуудтай нийцтэй бус байна.

Орлогыг хэт өөдрөг таамагласнаар уул уурхайн салбарт цохилт үүсэхэд томоохон асуудалд ордог байдал үргэлжлэхүйц төсвийн хүрээний мэдэгдэл оруулж ирлээ. Эдийн засгийн өсөлтийг 2025 онд найман хувь гэж өндөр төсөөлжээ. Төрийн оролцоотой төсөв хэвээр хадгалагдахаар байна.

Цар тахлын дараа жилээс нүүрсний орлогыг дагаад төсвийн зарлага нэлээд өссөн. Зарлагыг хязгаарлах ёстой гэж үзэж байгаа ч одоо оруулж ирээд буй төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл дээр зарлагыг цааш нэмэгдүүлэхээр харагдлаа. Үүнд анхаарах ёстой.

Түүхий эдийн үнэ унах эрсдэл бий. Нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөнийг харвал бидэнд эрсдэл их байна. Төлөвлөж буйгаар энэ жил 78 сая тонн, дараа жил 80 гаруй сая тонн, цаашлаад 100 гаруй сая тонн нүүрс экспортлох боломж бодитой эсэхэд бид эргэлзэж байна. Дотоод орчинд нүүрсний гарцыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалтууд хэр нөлөөлөх вэ гэдэгт анхаарах шаардлагатай.

Энэ жил 78 сая тонн, дараа жил 80 сая тонн нүүрс экспортод гаргаж чадахгүй бол эдийн засгийн өндөр өсөлт, төсвийн орлого, зарлага эргэлзээтэй, сөрөг үр дагавар их байх боломжтой.

Монгол Улсад мөчлөг сөрсөн төсвийн бодлого өнөөдрийг хүртэл явж ирээгүй. Орлого олохоороо зардлаа өсгөж, орлогогүй бол өр зээл тавьж ирсэн. Иймээс төсвийн тэлэлтийг багасгах ёстой” гэлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу