УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.05.17)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Хуулийн төслийн 47-р зүйлийн 47.5-р заалтыг та бүхэн анхаараарай. Энд “сонгон шалгаруулж” гэдэг үг орсон байгаа. Сонгон шалгаруулж буй үйл ажиллагааны ард дандаа танил тал, авлига хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил нуугдаж байдаг. Тийм учраас тээвэрлэх, хадгалах, түгээх эрхийг нь өгчихсөн хувийн хэвшлийнхнээр дамжуулан эм түгээхдээ шаардлагыг нь хангасан ямар ч компанид эрхийг нь өгдөг байх ёстой. Тэгэхээр хуулийн төслөөс “Сонгон шалгаруулах” гэдэг үгийг нь авчих. 

Хувийн хэвшлийг хааж, боох төрийн бодлого гэж байж болохгүй. Эмийн түр хороо монопол тогтолцоог задлах үйл ажиллагааг эхлүүлсэн. Үгсэн хуйвалдаж, үнэ хөөрөгдүүлдэг, хувийн хэвшлийг хааж, боодог тогтолцоог бид явуулж болохгүй шүү. Харин хувийн хэвшлийнхэн шударга өрсөлддөг, төр чанарыг нь хянадаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. 

Цахимаар эмийн зөвшөөрөлтэй компанийг 500 саяас нэг тэрбум төгрөгөөр зарна гэсэн зар байна. Дандаа тусгай зөвшөөрөл авдаг, хясан боогдуулдаг бодлого нь өөрөө авлигын тогтолцоог дэмжиж байна” хэмээн хэллээ. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 47.5-д “Гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллага, эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсаас шууд болон дамжуулан худалдан авсан эм, эмнэлгийн жижиг хэрэгсэл, биобэлдмэл, вакцины гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн үйл ажиллагааг хариуцах тусгай зөвшөөрөл бүхий ханган нийлүүлэх байгууллагыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, гэрээний хэрэгжилтэд хяналт тавина” хэмээн тусгажээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу