“Оюутан цэрэг-2024” арга хэмжээ ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Сургалтад хамрагдаж буй оюутнуудын төлөөлөлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г. Сайханбаяр болон албаны хүмүүс уулзлаа.

Энэ онд “Оюутан цэрэг” сургалтад 1088 оюутныг хамруулжээ. Есөн жилийн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагч хамрагдаж “Оюутан-цэрэг” сургалтаар бэлтгэгдсэн байна.

Сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломжтой болохын зэрэгцээ, Бие-Сэтгэл-Оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, үг дааж сурах, зөв хандлага төлөвшилтэй болох, цэрэг эх оронч үзэл өөртөө шингээж авч байгаа юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургалтад хамрагдаж буй оюутнуудад хандан хэлсэн үгэндээ “Энэхүү сургалт 2.8 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа 1-р дамжааны оюутнууд оролцож байна. Үндсэн хуульд заасан иргэнийхээ цэргийн алба хаах журамт үүргээ сайн биелүүлж байгаа Та бүхний цаашдын цэргийн бэлтгэл сургалтад амжилт хүсье” гэлээ.

Өнгөрсөн жилийн олон улсын оюутны эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд оюутан, суралцагчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тогтоохоор явуулсан санал, асуулга, хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулсан. Түүний үр дүнд тулгарч буй Автобусын зорчих карт, Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, Шалгалтын үер ашиглах 24 цагийн номын сан, еМонголиа дахь оюутны цахим бүртгэл, Цагийн ажил, “Оюутан цэрэг” сургалтад хамрагдах оюутны тоог нэмэх зэрэг 10 асуудлыг тодорхойлсон.

Оюутнуудад тулгарч буй асуудлыг шийдэхээр Монгол Улсын Засгийн газрын “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 111 дүгээр тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд тус тогтоолын 3 дугаар заалтаар “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч, оюутны тоог 1500 (нэг мянга таван зуу)-д хүргэхээр тогтсон байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

         

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу