“Илүү их уншъя” уриатай зохион байгуулагдаж буй 35 дахь удаагийн Үндэсний номын баярын эхний өдөр. Тавдугаар сарын 18. Төв талбай олны хөлд дарагджээ. Цагаан асруудын гадна, дотор дүүрэн ном өрөөстэй. Гэвч эхний өдөр түүгээр саатаж чадалгүй өнгөрсөн юм.
Хэдийгээр номын баярыг орхин, гэрийн зүг явсан ч номын баяр эргэн тойрноос минь холдсонгүй дээ. Автобусанд ном барьсан, уншсан, тэвэрсэн хүмүүс л таарлаа. Дэргэд суусан эмээ ач охиндоо хоёр ч ном авч өгчээ.
Өвөр дээрээ дэлгэн ярилцах ном нь Роберт Уинстоны “Гайхамшигт хүний бие” хэмээх танин мэдэхүйн ном байв. Дэлгэдэг зурагтай, сөхдөг самбар зэрэг маш сонирхолтойгоор бүтээсэн аж.
Эмээ охин хоёр буух хүртлээ шинэ авсан номоо дэлгэн ярилцсаар явсан юм. Харин урд суудалд Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг” гэх номыг хорь гаран насны эмэгтэй эргүүлж харагдана. Гартаа номгүй утас ухаж суусан надад битүүхэндээ ичих мэт мэдрэмж төрснийг нуух юун. “Номын баярын хоёр дахь өдөр эртлэн очих юм шүү” гэж өөртөө хэлсээр буусан юм.
Тавдугаар сарын 19-ний өдөр. 10.00 цагийн орчимд гэхэд л тав талбай хэдийнэ хөл хөдөлгөөнд дарагдаж, дуу чимээ ихэссэн байлаа. Энэ нь монголчууд номд хайртайн илрэл биз ээ. Төв талбайг тойруулан зассан цагаан асрууд бүгд хүн ихтэй бөгөөд голлон зассан тайзны эргэн тойронд ч анхааран чагнах хүн олон.
  
Номын өргөтгөсөн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, номын тухай хэлэлцүүлэг, асуулт хариулт гэх мэт олон төрлийн үйл ажиллагаа нэгэн зэрэг үргэлжилнэ. Асруудад хэвлэлийн газар, зохиолчид, төрийн бус байгууллагууд байршина.
Урд хэсэгт хуучин номын худалдаа гарчээ. “Тэнд л жинхэнэ эрдэнэс бий” гэж ярилцдаг нь худал биш. Хуучны ховор сайхан ном зохиолуудыг эндээс л олж авах боломжтой. Тиймдээ ч газар дэлгэсэн ном дунд мөлхөн хэрэгтэй номоо хайж суугаа хүн олон байв. Хуучны номын үнэр шиг, шаргал хуудас шиг энгийн хэр нь тансаг зүйл ховор гэдгийг тэд мэдэрдэг гэсэн үг. Энэ бол баярламаар зүйл.
Тэдгээрийн дэргэдүүр сонирхон алхвал дэргэд ирэх нэгнийг ч анзаарах сөхөөгүй сууж байх юм. Эрж хайж, хүлээж тэмүүлж уншина гэдэг нь жинхэнэ уншигчын чанар гэлтэй. Энэ өдрийн халууныг ч хэлэх үү, номын эрэлчдийн тууштайг ч хэлэх үү, өдөр дуусахгүй юм шиг л санагдаж байлаа.
Эдгээрийг сонирхон алхсаар буцан талбайн төвд ирвэл шинэ хэвлэгдсэн номууд ч нэлээд анхаарал татлаа. Тэдгээрээс дурдвал:
  • “Тагтаа паблишинг”-аас эрхлэн гаргасан Стивен Кингийн “Бичихүйн тухай”, Нобелийн шагналт зохиолч Петер Хандкегийн “Зүүднээс ч чинагш уй”
  • Ж.Р.Р.Толкины “Бөгжний эзэн” цувралын тэргүүн дэвтэр “Бөгжний барилдлага”
  • Г.Г.Маркесын “Наймдугаар сард уулзъя”
  • Харуки Мүраками “Нэгдүгээр биеийн ганц тоо”
  • Хан Ган “Цагаан хоолтон”
  • Тошиказү Кавагүчигийн “Дурсамж мартагдахаас өмнө”
  • “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийн “Битник” шүлгүүд
  • Ө.Үлэмжтөгсийн хоёр дахь бие даасан роман “5W1H”
  • Сэтгүүлч, яруу найрагч Б.Алтанхуяг “Арван өвлийн хойно”
  • Б.Цэвэгмаа “Одот талдаа буцах сан”
  • МЗЭ-ийн шагналт зохиолч С.Баттулга “Тэнгэрт нуусан уулс”
  • Яруу найрагч Г.Хашбаатар “Ойн монолог” зэрэг шинэ номоос гадна хавтаснаас эхлээд гарчигт нуугдсан зүйлийг олох хүсэл өөрийн эрхгүй төрнө.
Асруудыг нийтэд нь ажиглавал залуус уран зохиол болон боловсролын ном бүтээлд илүү ач холбогдол өгч буй мэт. “Интер ном”, “Аз хур”, “Тагтаа”, “Нил”, “Непко”, “Альпа” зэрэг асруудад голчлон дугаарлах аж.
Дэлхийн зохиолчдын шилдэг бүтээлийг эх хэлнээ хөрвүүлэн хэвлүүлсэн нь уншигчдын сонирхлыг ихэд татсан хэрэг. Мөн тэд дуртай зохиолынхоо ишлэл бүхий номын уут, хавчуурга, цүнх зэргийг нэлээд сонирхдог. Сэтгэлд үлдсэн нэгэн зохиолынхоо зурагт хуудас болон бусад зүйлсийг авч хадгалах нь номын баярын нэгэн чухал үйл явдал байдаг. 
Мөн залуу хосууд хүүхдээ дагуулан сонирхолтой ном бүтээлийг санал болгоно. Тэд өөрсдийн ирээдүйдээ хүртэл анхаарал тавьж байна. Мөн цаашилбал, цахим номын платформууд, хөгжим, аудио бүтээл эрхлэн гаргагчид ч иржээ. Өмнөх жилүүдээс бид улам өргөн дэлгэр номын баярыг тэмдэглэдэг болж.
Нүдэнд зурвасхан торсон зарим таагүй зүйлийг харин дурдвал зарим нэг асарт тэс өөр худалдаа үйлчилгээ байж байх юм. Үндэсний дээл хувцас, тоглоом, цэцэг зэрэг. Ямар ч улсад томоохон арга хэмжээний эргэн тойронд байдаг л зүйл. Гэхдээ хэтэрхий олон баяр наадамтай Монгол Улсад зарим нэг нь цэвэр нэг чиглэлдээ л үйл ажиллагаа явуулбал дээр сэн.
Нэгэн цагт Гүн.Аюурзана найрагч “номын баяр бол монголчууд анх удаа номыг дээдлэж байгаа хэлбэр юм” хэмээн хэлсэн байдаг. Хүндэтгэлийн талбайдаа номыг өргөн дэлгэр уншина гэдэгт утга нь буй биз ээ.
Номын баярыг орхин талбайн урд зүгт гарвал авсан номоо дэлгэж үзсэн, нэгэндээ сонирхуулсан хүмүүс олон. Тэд нэгэндээ бэлэг болгох гэж, эсвэл өөрийн эрж хайж байснаа олсон зэргээ нэгэндээ ярина. Их хотын цөөхөн хэдэн өдөр ч гэлээ номын далайд хөвөлзсөн мэт өнгөрч байгаа нь сайшаалтай. Номын утга нь далай мэт гүн, тэнгэр мэт уужуу билээ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу