“Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үг бий. УИХ-ын ээлжит сонгууль ойртсоныг хэлэх үү, Г.Занданшатарын тэргүүлсэн парламент хуулийг “бөөндөнө” гэдгийг яруу тодоор харуулсаар байна.

УИХ өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт ээлжит нэгдсэн хуралдаанаараа 100-гаад хуулийн төслийг хамт өргөн барьсан хуулийн төслүүдтэй хамт хэлэлцээд, эцэслэн батлав.

Нэг талаар УИХ шуурхай ажиллаж байна гэж харагдах ч яаран сандран, зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хууль баталж буйн горыг ирэх жилүүдэд бид амсах нь дамжиггүй.

Хамгийн их уршиг дагуулж болзошгүй ганцхан жишээг дурдъя. Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд.

Эдгээр нь Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл боломжийг хумьсан, цаашлаад Монгол Улсын хувь заяа, эдийн засагт ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх хууль болсныг эдийн засагчид болон гаднын хөрөнгө оруулагчид онцолсоор байна.

УИХ-аас баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимын гишүүд байр суурь илэрхийлсэн юм.

Америк-Монголын худалдааны танхим (АмЧам)-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс “Үндэсний Баялгийн сангийн тухай хуульд гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт татвар, үйл ажиллагааны хувьд эргэж харах, зөвшилцөх зүйл бий. Ингэхгүй бол болгоомжлол, эргэлзээ, эрсдэл үүсгэж мэдэхээр байна” гэж онцолсон.

Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм. Баялгийн санг ингэж харах ёстой.

Нэг ёсондоо тухайн улс орон хойч үедээ үлдээж буй өв хөрөнгө юм. Энэ үүднээс Баялгийн сангийн талаар олон нийтэд ойлгуулах, боловсрол, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай”-г анхааруулсан юм.

Австрали улс Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн туршлага их. Тус танхим Монгол Улсын Үндэсний Баялгийн сан дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь саяхан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл санаачлагчийн илтгэлдээ, Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн болон Сингапурын хуримтлалын сангийн жишгээр ажиллана. Тус сан хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.

Ирээдүйн өв сангийн хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын болон бүс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх 65 хувиас бүрдэнэ.

Хуримтлалын сангийн хөрөнгө “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувийн ашгаас, харин Хөгжлийн сангийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн төсөвт тооцсоноос гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн илүү гарсан хэсгээс бүрдэх төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан талаар онцолж байв.

Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өсгөн арвижуулахаар, Хуримтлалын санг стратегийн ордуудын ашгаас Монгол банкан дахь иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлж, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулахаар тусгасан бол Хөгжлийн сангаас томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байхаар заасан.

Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компани байх, хувьцааныхаа 20-иос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэсэн билээ.

Ярих өөр, бодит амьдралд хэр нийцэх, хэрхэн нийцүүлэх вэ гэдгээ эргэн харах шаардлагатай мэт.

Ямартаа ч энэ мэт хуулийн төслүүдийг яаран сандран “бөөндөж” баталсны улмаас гарах үр дагавар нь түүнээс ч илүү их сөрөг нөлөөтэй байж болзошгүйг эдийн засагчид болон олон улсын шинжээчид онцгойлон анхааруулсныг дахин дурдъя.

УИХ-ын гишүүд “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” хэмээн улс орны амин чухал асуудлуудад “хоноц”-ын сэтгэлээр хандаж, хуулиудыг гэрлийн хурдаар “бөөндөж”  баталж байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж буй.

Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан дуусан дуустал тэднийг эх орны ирээдүйг харсан оновчтой шийдвэр гаргана гэж итгэхэд бэрх л байна.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу