Улс төрийн намууд өнөөдөр сонгуульд нэр дэвших хүмүүсээ намын хурлуудаараа эцэслэж, Сонгуулийн Ерөнхий Хороонд нэрсээ өгөх ёстой. Сүүлийн хэд хоног МАН, АН-ын удирдлагууд толгой өндийх завгүй уулзалттай байсан талаар намынх нь гишүүд ярьж байгаа юм.

Горилогчоос нэр дэвшигч болох марафон бас амаргүй байна. Сонгуулийн тухай хууль зөрчин байж нэр дэвшихээр улайрагсад олон байгаа аж. Тэдний нэг нь Соёлын сайд Ч.Номин. Засгийн газрын гишүүн сонгуульд нэр дэвшихийн тулд Сонгинохайрхан дүүргийн өрхүүдээр өөрийн зураг бүхий сэтгүүл тараасан байх юм. Хуульчид, иргэдийн зүгээс Засгийн газар УИХ-д ажлаа тайлагнадаг. Гэтэл Ч.Номин сонгуульд нэр дэвшихийн тулд иргэдэд сэтгүүл тараалаа хэмээн шүүмжлүүлж байна.

Нөгөө талд нь УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат Баруун бүс буюу Ховд, Завхан, Увс, Говь-Алтай аймагт нэр дэвшихээр горилж яваа аж. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан тэрбээр баруун аймгуудын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, бүсчилсэн хөгжил сэдвээр мэдээлэл өгч, санал солилцжээ. Үүнийг нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гэж сонгуулийн байгууллагаас мэдэгдээд байна.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир энэ сарын 7-ны өдөр мэдээлэл хийхдээ “Иргэдээс сонгуулийн хууль бус сурталчилгаа газар авлаа, СЕХ-ноос үүнд анхаараач гэсэн мэдээлэл их ирж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбоотой мэдэгдэл гаргасан, мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Хэрэв нам, эвсэл, горилогч нар хууль бус сурталчилгаа явуулбал СЕХ бүртгэхээс татгалзах, хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.

УИХ-ын гишүүн, сайд асан Н.Цэрэнбат баруун аймгуудад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг танилцуулж яваа нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг шууд хэлье” гэсэн юм. Гэтэл “Даарин дээр давс” гэгчээр Сонгуулийн ерөнхий хорооноос банга хүртсэн Н.Цэрэнбат иргэд рүү мессэж илгээжээ.

Тэрбээр нэр дэвшигчийг тодруулах намын санал асуулгад өөрийгөө дэмжихийг хүсэж, фэйсбүүк рүүгээ нэвтрэн орох линкийг давхар илгээсэн нь намын дотоод журмаа зөрчсөн үйлдэл болсон талаар намынхан нь ярьж байгаа юм.

Энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас зардал өндөр, санхүүгийн бяр шалгасан сонгууль болох нь харагдаж байна. Сонгуулийн тухай хууль зөрчин барин сонгуульд нэр дэвших ямар нэг зайлшгүй шалтгаан түүнд байгаа бололтой. Горилогчийнхоо шатанд хууль зөрчиж байгаа Ч.Номин, Н.Цэрэнбат нарт хууль үйлчлэх үү гэдгийг өнөөдөр харах л үлдлээ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу