Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Аврагчид улсын Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон газрыг оллоо” гэж мэдээлжээ.

Ираны төрийн мэдээллийн IRNA, ISNA агентлагуудын мэдээлснээр, аврагчид Даваа гарагт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон тус улсын Гадаад хэргийн сайд нарын сууж явсан нисдэг тэрэг сүйрсэн газрыг тогтоосон байна.

ISNA агентлаг “Аврагчид ослын газарт ойртож байна” гэж Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Пир-Хоссейн Коливандын мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ослын газрын байршлын талаар тодорхой мэдээлээгүй байна.

CNN агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн Ням гарагт Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг тус улсын хойд бүс нутагт осолджээ. Ираны төрийн мэдээллийн IRNA агентлаг төрийн тэргүүн нь эсэн мэнд байгаа эсэх  талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа талаар мэдээлсэн байна.

IRNA агентлаг манантай байсан учраас яаралтай тусламжийн багийнхан Ням гарагт ослын газарт хүрч чадаагүй талаар мэдээлжээ.

Ираны төрийн мэдээллийн “Tasnim” агентлаг Ерөнхийлөгч Раисигийн сууж явсан нисдэг тэрэг осолдсонтой холбогдуулан тус улсын Улаан хавирган сар нийгэмлэгийн тусламжийн баг, цэрэг, хууль сахиулах хүчнийхэн эрлийн ажлыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн талаар мэдээлсэн байна.

Ираны Ерөнхийлөгч болон албаны хүмүүсийн сууж явсан онгоц (2024.05.19)

Тус агентлагийн мэдээлснээр, нийт гурван нисдэг тэрэг зэрэг хөөрсөн бөгөөд сайд болон албаны хүмүүсийг тээвэрлэж явсан хоёр нисдэг тэрэг нь хүрэх ёстой газартаа саадгүй хүрчээ

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси 1960 онд төрсөн байна. Тэрбээр Шахид Мотахари их сургуульд хуулийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1980-аад оны эхээр прокуророор ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 1994 онд Тегераны ерөнхий прокуророос тус улсын Ерөнхий шүүгч болтлоо (2019 он) дэвшин ажилласан байна.

Ираны Хүний эрхийн төвөөс мэдээлснээр, түүнийг Ираны ерөнхий шүүгчээр ажилласан хоёр жилийн хугацаанд тэрс үзэлтнүүдийг дарангуйлах, хүний ​​эрхийг зөрчих явдал эрчимжжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Ням гарагт “Ираны хойд хэсэг буюу осол болсон газар луу тусгай хоёр нисдэг тэрэг, уулын мэргэжлийн 50 аврагчаа илгээхээр болсон талаар IRNA агентлаг мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси осолдсон нисдэг тэрэгний талаар мэдээлэл авсан тухай Цагаан ордон мэдээлжээ. Гэвч өнгөрсөн Ням гарагт “Air Force One” онгоцонд Байденыг дагалдан явсан хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

ХАМАС бүлэглэл Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси болон бусад албаны хүмүүсийн сууж явсан нисдэг тэрэг осолдсоны дараа мэдэгдэл хийж, “Маш их санаа зовниж байна” хэмээн мэдэгджээ.

Онгоцны ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байгаа бөгөөд ХАМАС бүлэглэл Ерөнхийлөгч болон “ах дүү Ираны ард түмэн”-тэй ямагт хамт байгаагаа илэрхийлсэн байна.

Иран нисдэг тэргийг эрэн хайх ажиллагаанд Туркээс тусламж хүссэн тухай Туркийн гамшиг, онцгой байдлын яамнаас өнгөрсөн Ням гарагт мэдэгджээ. Энэ дагуу Турк улс зургаан автомашин, 32 аврах ажилтнаа Иран руу илгээлээ гэж тус яам мэдээлсэн байна.

Ираны Үндсэн хуульд “Ерөнхийлөгч нас барсан тохиолдолд Тэргүүн дэд ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг ажээ.

Ираны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Мохаммад Мохбер

Хамгийн сүүлийн мэдээллээр, тус улсын хэвлэл “Ираны Ерөнхийлөгчийг тээвэрлэж явсан нисдэг тэрэгний ослоос амьд үлдсэн хүн байхгүй” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу