БНХАУ-ын Худалдааны яам Америкийн гурван компанийг Тайваньд зэвсэг худалдсан “найдваргүй” байгууллагуудын жагсаалтад оруулжээ. Энэ талаар тус яамны цахим хуудаст нийтлэгдсэн мэдээнд дурдсан байна.

Хятадын Худалдааны яамнаас “Улс орны бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжил, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс “General Atomics Aeronautical Systems”, “General Dynamics Land Systems”, мөн “Boeing Defence, Space & Security” компаниудын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч байна” гэж мэдээлжээ.

Мөн “Тус компаниуд нь Тайваньд зэвсэг худалддаг” гэж тайлбарлаад, тэдэнд Хятадтай худалдаа хийх, мөн шинээр хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна. Улмаар дээрх компаниудын удирдлагуудыг Хятад руу нэвтрэхийг хоригложээ.

Хятадын Худалдааны яам “Boeing Defence, Space & Security” компани Тайваньд зэвсэг худалдах гэрээний үнийн дүнгээс хоёр дахин их хэмжээний торгууль төлөх ёстой гэж мэдэгдсэн байна.

Тус яам Хятадын бизнес эрхлэгчдэд “2023 оны хоёрдугаар сард найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон “Lockheed Martin” корпораци болон “Raytheon Missiles & Defence”-ийн эсрэг хориг арга хэмжээг тойрч гарахад тусалсан гэж сэжиглэгдсэн АНУ-ын “Caplugs” компанитай харьцахдаа болгоомжтой байхыг уриалжээ.

Улмаар “Caplugs”-т экспортын хориг тавьсан байна. Иймд Хятадын компаниуд бүтээгдэхүүнээ “Caplugs”-ээр дамжуулан хоригт орсон байгууллагуудад нийлүүлэх боломжгүйд хүрчээ.

Эх сурвалж: MINISTRY OF COMMERCE PEOPLE’S REPUBLIC OF CHINA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу