Нийслэлийн худалдан авах газраас зарласан их багтаамжийн тээврийн хэрэгсэл “метро” барих ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёр дахь шатны тендерийн нээлт өнөөдөр (2024.05.20) боллоо. 

Тодруулбал, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж буй. НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр нээсэн.
Hоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 3-ны өдөр нээх байсан боловч тендерт оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тендерийг 17 хоног хойшлуулсан юм. Ийнхүү тавдугаар сарын 20-ны 14:10 минутад хоёрдугаар шатны тендерийг нээлээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр (2024.05.20) эхлүүллээ. Урьдчилсан байдлаар, уг тендерт 11 улсын 20 байгууллага тендерт оролцохоо илэрхийлсэн байна. Тодруулбал,
  1. ОХУ-ын “NPS Engineering” компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд “International Bank for Economic Cooperation” банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болжээ.
  2. БНХАУ-ын “China Railway Design Corporation” компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ч үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй байна. “Bank of China” банкаар 909 сая 675 мянган төгрөгийн баталгаа гаргажээ.
  3. БНСУ-ын “Dohwa Engineering” Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй байгаа аж.
  4. Энэтхэг улсын “Guangzhou Metro Group” Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй бөгөөд “Bank of China” банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгаа гаргасан байна.
Метро байгуулах ажлын барилгын ажлыг ирэх намар эхлүүлэх төлөвлөжээ. Зөвлөх үйлчилгээний дараа барьж байгуулах этгээд шалгарсан тохиолдолд зарим газар чөлөөлөлтийн ажил, техник хэрэгслийг татан авах, угсрах ажлуудыг төлөвлөөд байгаа аж. Энэхүү зөвлөх үйлчилгээнд шалгарсан байгууллагуудыг үнэлгээний газраас нэг бүрчлэн шалгасны дараа нэгдсэн журмаар олон нийтэд танилцуулах юм. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу