МАН-ын Бага хурал эхлэх дөхөж, намын гишүүд хуралдаа оролцохоор ирцгээж байна. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Миний бие Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон. Энэ удаагийн сонгуульд олон нийтийн дунд хийгдэж байгаа судалгаанд суурилж намын даргын зүгээс бодлогын нэр дэвшүүлэлт хийнэ гэдгээ илэрхийлсэн. Үүнд хэд хэдэн гол хүчин зүйл байна лээ.

Нэгдүгээрт, Жагсаалтад аль болох улс төрч биш, аливаа нэг салбараар мэргэшсэн мэргэжилтэн байх гэдэг нь хамгийн чухал шалгуур байна. 

Хоёрдугаарт, насны шалгуур.

Гуравдугаарт, авлига албан тушаалын асуудалд холбогдоогүй байх гэх мэтийг харгалзаж МАН-ын даргын зүгээс бодлогын нэр дэвшүүлэлт хийх байх. 

Тойргийн нэр дэвшилтийн тухайд, тухайн бүсдээ танигдсан, суурь судалгаагаар сонгуульд ялахуйц рейтингтэй хүмүүсийн нэр дэвшүүлэх байх. 

Би Сонгинохайрхан дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон. Өмнө нь орон нутагт ч сонгогдож байсан. Энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдөр Бага хурлын гишүүнийхээ хувиар энд оролцож байна” гэв. 

Үргэлжлүүлэн түүнээс Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Д.Сумъяабазарыг нэр дэвших эсэх талаар асуухад “Би хамтран зүтгэж байсан хүнээ нэр дэвшээсэй гэсэн байр суурьтай байгаа. Манай намын Бага хурал чөлөөт ардчилалтай явагдана. Хүн бүр нэр дэвших нь нээлттэй” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу