Монгол Улс өнөөдрийн байдлаар хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй гарц шийдлийг хараахан олж чадаагүй байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын болон дотоодын байгууллагуудаас хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, санхүүжилт нь хог хаягдлыг булшлах, устгах, дахин боловсруулахад түлхүү чиглэж ирсэн. Гэвч бид хог хаягдлын асуудлаа шийдвэрлээгүй хэвээр байгаа нь тэр олон мянган төсөл, хөтөлбөрийн өгөөж, үр дүн хэр байгааг харуулж буй үзүүлэлт юм.

Дэлхий хогоор “хахаж” байгаа энэ цагт бид дахин боловсруулагдах хаягдлаа зөв ангилж, эцсийн хог хаягдлын хэмжээг багасгах нь юунаас ч илүү чухал билээ. Нийслэлийн хаа нэгтээ иргэд хогоо төрөлжүүлэн ангилж буй мэдээ мэр сэр сонсогддог. Үүнтэй нэгэн адил орон нутгийн иргэд ч хогоо ангилж сурч буйн зэрэгцээ хаягдал бөглөөгөөр хавтан хийж буй чихэнд чимэгтэй сайхан мэдээ дуулдсан юм. Энэ дагуу бид Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорив.

Нар дээр хөөрч, “шарах”-аас урьтаж нийслэлээс гарсан тогтвортой хөгжлийн төлөө тууштай бичиж буй сэтгүүлчид үдийн алдад зорьсон газартаа хүрэв. Биднийг “Эко сумын Нараа” буюу “Эко сум” ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа угтан авч, сумын төвийн зүүн урд хэсэгт байрлах “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Хог хаягдал зохицуулах төв”-д зочлохыг урилаа.

Энэхүү төвийг “Эко сум” ТББ Европын холбооны “Свич Эйжиа” хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол Улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд байгуулжээ.

“Экосум” нь орон нутгийн хөгжлийг дэмжих төрийн бус байгууллага бөгөөд байгаль орчин, олон нийтийн эрх ашгийг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулж, Хишиг-Өндөр сумыг орон нутгийн бие даасан хөгжлийн загвар сум болгохыг зорин ажиллаж байгаа аж.

“Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төсөл Хишиг-Өндөр суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжиж дуусжээ.

Улмаар сум орон нутаг хог хаягдал зохицуулах тогтолцоогоо бие даан явуулах гарц шийдлээ олж, цаашид тогтвортой хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж, “Хог хаягдал зохицуулах төв” болон дагалдах тоног төхөөрөмжүүдийг Хишиг-Өндөр сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн байна.

Тус төрийн бус байгууллага сумандаа зөвлөн туслахын зэрэгцээ бусад үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ. Өдгөө “Экосум” ТББ-ын үндсэн зорилго өнгөрсөн хугацаанд гарсан эерэг үр дүнгүүд, хуримтлуулсан туршлагаа бусад сумдтай хуваалцаж, зохистой тогтолцоог улс орон даяар түгээх болон “тэлсэн” байна.

Г.НАРАНТУЯА: БИД ӨДӨР ТУТАМДАА ЮУ ХЭРЭГЛЭДГЭЭ ЭРГЭН ХАРЖ,
УХААЛАГ ШИЙДВЭР ГАРГАХ ЦАГ БОЛЖЭЭ

Оюутан байхаасаа хөтөч хийж, орон нутгаар аялж явахдаа Г.Нарантуяа бүсгүй хөдөө хог хаягдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг олж харжээ. Тэрхүү эмзэглэлээ тээж явсаар, Франц улсад “Хог хаягдлын менежмент” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Тэрбээр нөхөр, хоёр хүүхдийн хамт Хишиг-Өндөр суманд амьдарч буй бөгөөд сумаа эко болгохыг зорин, олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсээр өнөөдөртэй золгож буй ажилсаг, хичээнгүй бүсгүй ажээ.

“Экосумын” Нараа хэлэхдээ “Манай байгууллага 2018 онд байгуулагдсан. Иргэдийн оролцоог дэмжих, орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах зорилготой байгууллага. Бид байгууллагаа байгаль орчны төлөө тэмцэгч шударга байгууллага гэж нэрлэдэг. Ерөнхийдөө байгаль орчныг хамгаалах, эх дэлхийтэйгээ зохицож амьдрах ёстой гэсэн зарчмаар орон нутгийн иргэд өөрсдийн амьдран суугаа орчноо хамгаалж, эндээ ажиллаж амьдрах ёстой гэж боддог.

Монгол Улс ямархуу хэрэглээтэй улс вэ гэдгийг бидний хаясан хог шуудхан хэлээд өгдөг. Бид яах аргагүй ихэнх бараа материалаа импортолж авдаг хэрэглэгч үндэстэн. Харамсалтай нь, импортын бүтээгдэхүүн ихсэхийн хэрээр сав, баглаа боодлын хог хаягдал асар ихээр нэмэгдсээр байна.

Бид “Экосум” төрийн бус байгууллагаа 2018 онд байгуулаад, иргэдээсээ санал авч, Хишиг-Өндөр сумандаа “Хог хаягдлын бүтцийн судалгаа” хийж үзсэн. Ямар нэр төрлийн бүтээгдэхүүний хог аль улиралд хамгийн ихээр гарч байна вэ гэдгийг судалсан. Ерөөсөө хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний сав баглаа боодол, тэр дундаа хийжүүлсэн ундааны сав дийлэнх хувийг эзэлж байсан. Энэ нь бид өдөр тутамдаа юу хэрэглэдгээ эргэн харж, ухаалаг шийдвэр гаргах болсны дохио гэдгийг сануулмаар байна” гэсэн юм.

Г.Нарантуяа тэргүүн өөрийн нөхөр, “Экосум” ТББ-ын гүйцэтгэх захирал, төсөл хэрэгжүүлэгч, Франц Улсын иргэн, байгаль орчны инженер Пиэр Гэрбэрийн хамт сумын түвшинд хог хаягдлыг зөв зохистой зохицуулах ямар шийдэл байж болох вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулж, гарц хайсаар иржээ.

Нэгэнт судалгаа явуулж, бүтцээ тодорхойлж чадсанаар хогийг хуванцар, гялгар уут, шил, лааз, бөс даавуу, электрон хог хаягдал гэж ангилах болсон байна. Гэвч иргэдэд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилахад хогийн савны асуудал тулгарчээ.

Иймд төсвийн санхүүжилтээр, иргэдийн дунд явуулсан судалгааны дүнд, зургаан ангиллын дагуу гадаа байршуулах боломжтой хогийн савыг сумын тогтмол оршин суугчдад тараасан байна. Тус хогийн савыг иргэд үнэ төлбөргүй ашиглаж буй ч ТББ, иргэн, орон нутгийн Засаг даргын гурвалсан гэрээний дагуу хариуцлага хүлээхээр зохицуулжээ.

Пиэр Гэрбэр “Хог хаягдлын асуудлыг заавал нийслэлд гэхгүйгээр орон нутагт зөв шийдэж болно” хэмээн хэлсэн юм. Тэрбээр “Бид эхлээд сумын түвшинд хог хаягдлыг зөв зохистой зохицуулах ямар шийдэл байж болох вэ гэсэн асуудал дээр төвлөрч байна. Зарим хүн энэ ажлыг төвлөрсөн суурин газраас буюу нийслэлээс эхлэх ёстой, дараа нь орон нутагт “түгээж” болно гэж үздэг. Би бол эсрэгээрээ, сум орон нутагт илүү өөрчлөлт гарна гэсэн итгэлтэй байдаг.

Хишиг-Өндөр сумын жишгээр олон сум ингэж ажиллана гэдэгт итгэж байна. Бид асуудлыг суманд шийдэж болдог гэдгийг харуулахыг зорьж байна. Хогийг дахин ашиглах тогтолцоог аймаг, сумын түвшинд нэвтрүүлнэ. Гол нь нутгийн удирдлага үүнийг ойлгоод шийдчихвэл ямар ч асуудалгүй юм” хэмээн тодотгосон юм.

ХАЯГДАЛ ШИЛ, ЛОНХЫГ БУТЛАН, БУСАД ТҮҮХИЙ ЭД МАТЕРИАЛТАЙ ХОЛЬЖ,
ХАВТАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэд “Хог хаягдал зохицуулах төв”-д хогоо авчирч, ангилан ялгаж, “хүлээлгэн өгч” даджээ. Тус төв хог нягтаршуулах пресс, шил бутлах машинтай бөгөөд төвийн ажилчид хаягдал шил, лонхыг бутлан, бусад түүхий эд, материалтай хольж, их даралтын төхөөрөмжөөр шахан, хавтан үйлдвэрлэж, хогийг бүтээгдэхүүн болгож хувиргаж чадаж буйгаа үзүүлсэн юм. Тэд хавтангаа сандлын тавцан хийх зэргээр ашигладаг байгаа ажээ.

“Хог хаягдал зохицуулах төв”-ийн техникч Н.Арвижих “Би анх “Экосум” ТББ-д техникчээр орж байлаа. Одоо “Хог хаягдал зохицуулах төв”-ийнхөө техник хэрэгслүүдээ хариуцан ажиллаж байна. Бид нэг машинаараа хаягдал ундааны савны бөглөөг тэгш өнцөгт болгож, тухайлбал сандлын “тулгуур” хийж туршиж байна. Мөн бөглөө ашиглан, сандлын тавцан хийж үзэж байна.

Би энэ байгууллагадаа ажиллаад, гурав дахь жилтэйгээ золголоо. Эхний үеэ бодоход хүмүүсийн хандлага эрс өөрчлөгдсөн. Өмнө нь замын хажууд архины шил цөөнгүй байдаг байсан бол одоо бараг харагдахаа больсон байна. Миний хувьд хогоо байнга ангилдаг болсон. Хүмүүс зарим нь архины шилийг хувцрын сав руу хийх гэх мэтээр хольчихдогоос болж багагүй бэрхшээл тулгардаг. Тиймээс “Хогоо зөв ангилж сураарай” гэж хэлэх байна. Сумын хүүхдүүд хогоо их мундаг ангилж сурч байна” гэсэн юм.

“ХҮҮХДҮҮДЭД БАГААС НЬ ХОГОО АНГИЛЖ ХАЯХ ДАДАЛ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ”

Хишиг-Өндөр сумын уугуул иргэн Р.Ариунаа “Миний хувьд сумандаа жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Тиймээс ер нь өдөр тутамдаа хог их гардаг. Өмнө нь зүгээр л хогийн цэг дээр хаягдаг байсан бол одоо нэг бүрчлэн ангилан, энэ төв дээрээ авчирдаг болсон.

Хүн амьдарч байгаа цагт хог гарсаар байна. Тиймээс хүүхдүүдэд багаас нь хогоо ангилж хаях дадлыг суулгах хэрэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа өөрийн хүүхдүүд, эргэн тойрны хүмүүсээс хогоо ангилан хаяхыг шаардаж, залуучуудынхаа санаачлан хэрэгжүүлж буй төсөлд дэмжлэг болохыг хичээдэг” хэмээн хэлсэн юм.

Хишиг-Өндөр сум өнөөдөр огт хоггүй сум болж хараахан чадаагүй ч үйл ажиллагаа эхлүүлж байсан дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад иргэд хогоо ангилж, дахивраар нь ялгаж сурчээ. “Экосум”-ынхан айл өрх бүрд ангилан ялгах хогийн сав байршуулсан зэрэг сайн туршлага бий болгож чадсан нь тэдний ажил эхнээсээ үр дүнгээ өгч буйн илэрхийлэл юм.

“Экосум” ТББ-ын тэргүүн Г.Нарантуяа “Үйлдвэрлэгчид сав баглааны нэгдсэн нэг стандарт баримталж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хаягдлын хариуцлагыг хүлээдэг байх хэрэгтэй. Хариуцлага тооцох механизмыг сайжруулж, үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний хогийг буцааж авахгүй юмаа гэхэд улсад ангилах, дахин боловсруулах зардлыг нөхөн төлдөг байх хэрэгтэй. Дэлхий нийт ч энэ чиглэлийн хариуцлагыг хэдийнэ шаарддаг болсон.

Бас нэг анхаарах ёстой зүйл бол бүх хог хаягдал дахин боловсруулагддаггүй. Дахин боловсруулчихдаг юм чинь гэх ойлголт нийгэмд эрчимтэй тарснаар хэт их хэрэглээг өдөөдөг. Гэтэл энэ нь асар өндөр үнэтэй төдийгүй алдагдал ихтэй.

Мөн сүүлийн үеийн бүтээгдэхүүний сав баглаа олон төрлийн түүхий эдийн нийлбэрээр бүтсэний улмаас дахин боловсруулагдах боломжгүй болж байгаа юм. “Хог хаягдлын гинжин хэлхээг таслах хэрэгтэй” гэж дахин дахин хэлмээр байна.

Эцэстээ эдгээр хог хаягдлууд хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах үндсэн эрхэнд халдаж байгаа гэдгийг хүн бүр анхаарч, ирээдүйнхээ төлөө санаа тавих цаг ирсэн” хэмээн хэлснийг энэ удаагийн сурвалжилгынхаа төгсгөлд онцолъё.

Чин сэтгэлээс тэмүүлж, зорьж эхлүүлсэн ажил бүхэн амжилтад хүрэх нь дамжиггүй билээ.

Бид хөдөөд цэцэглэж буй “соёлын үр”-тэй ийнхүү танилцаад, ирсэн гийчид буцдагчлан нийслэлийн зүг хөдөллөө.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу