УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Ардчилсан нам (АН)-аас гарахаа мэдэгдэв. Учир нь, өнөөдөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд материалуудаа өгөх ёстой.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас нэр дэвших 126 хүнийг тодруулсан. Харамсалтай нь, АН-ын жагсаалтын эхний дөрөвдүгээрт С.Цэнгүүн гэх эмэгтэйн нэрийг бичсэн байсанд тус намын гишүүд дургүйлхэж, түүний оронд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа байх ёстой хэмээн эсэргүүцсэн байна.

Өмнө нь З.Нарантуяаг Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн тойрогт нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байжээ. Иймд З.Нарантуяа хурлын индэрт гарч, “20 гаруйхан настай С.Цэнгүүн гэж охины оронд би жагсаалтад бичигдэх ёстой. Энэ намд би олон жил зүтгэсэн. Иймд Ардчилсан намаас гарна” гэж мэдэгдсэн байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, АН-ын хурал нэлээд маргаан, зөрчилтэй болж өнгөрчээ. Тодруулбал, тус намын гишүүд Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нар луу юм шидэж, орилж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу