Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвөөс Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдалд судалгаа хийжээ. Уг судалгаагаар Засгийн газар гаднаас авсан зээл, тусламжаа зориулалтын бусаар ашигладаг гэж дүгнэсэн байна.

Энэ талаар уг судалгааг гүйцэтгэсэн Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн судлаач, эдийн засагч Ц.Лут-Очир “Засгийн газрын өрийн хэмжээ маш өндөр түвшинд хүрсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад ер нь энэ өрийг төлж чадах эсэх нь ч эргэлзээтэй. Төсвийн зарлага дээр нэмээд маш их хүүгийн зарлага гарна. Үүнийг цаашид зохицуулах асуудал маш хүнд байгаа. 

Засгийн газар зээл авчихаад зориулалтыг нь дандаа өөрчилдөг.

Жишээлбэл, Дэлхийн банкны 30 сая долларын зээлээр хэрэгжих “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах” гэдэг төслийг манай Засгийн газар авсан. Гэтэл энэ төслийн зориулалтыг нь өөрчлөөд 2021 оны сонгуулийн өмнө малчдад 100 мянган төгрөг тараачихсан. Үлдсэн мөнгөөр нь дахиад ХХААХҮ-ийн сайд үхэр ээмэгжүүлэх зориулалтаар зарцуулах гээд яваад байна. Эцэстээ энэ их өрийг татвар төлөгчдийн мөнгөөр л төлнө. Бидний үр хүүхдүүд төлнө гэсэн үг.

Өрийн хэлхээнээс гарахын тулд манай улс нэмж зээл авахаа л болих хэрэгтэй. Улсын төсвөө алдагдалгүй баталдаг болсноор зээлийн зарцуулалтыг эргэн төлөх асуудал яригдана. Харамсалтай нь энэ оны төсөвт  800 сая доллараар гадаад өрөө нэмэгдүүлэх төсөв баталчихсан” гэв.

Эдийн засагчдын байр суурийг ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу