ОХУ-ын Засгийн газар бензиний экспортод тавьсан хоригийг түр хугацаанд цуцлах шийдвэр гаргасан талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.

Оросын гүйцэтгэх засаглалын Телеграм сувагт нийтэлсэн мэдээлэлд “шатахуун үйлдвэрлэгчдийн хувьд бензиний экспортод тогтоосон түр хоригийн үйлчлэлийг 2024 оны зургадугаар сарын 30 хүртэл зогсоож байна. Мөн тогтоосон хязгаарлалтууд долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэл хэвээр хадгалагдана” гэж дурджээ.

Ерөнхий сайд Михаил Мишустин холбогдох тогтоолд гарын үсэг зурснаар шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна.

ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлэлд дурдсанаар, нефть боловсруулах үйлдвэрүүд, нефть хадгалах баазуудад 2.1 сая орчим тонн автобензин, 250 мянган тонн дизель түлшний нөөц хуримтлагдаад байгаа нь дотоод зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахад хүрэлцэх ажээ.

ТASS агентлаг “Хоригийг түдгэлзүүлэх хугацааг цаашид сунгаж магадгүй” гэж мэдээлсэн байна.

Тус яамнаас “Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх ерөнхий нөхцөл байдал сайжирч, улс орны бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангаж, экспортын хориг тавьсан зорилтууд биелсэн тул түр хугацаагаар цуцлах шийдвэр гаргасан” гэж мэдэгджээ.

ОХУ-ын Эрчим хүчний яамны Хэвлэлийн албанаас “Засгийн газар дотоодын зах зээлийн хангалтад хяналт тавьж буй бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт хэвээр тул хоригийг түдгэлзүүлэх хугацааг цаашид сунгаж магадгүй” гэж нэмж мэдээлсэн байна.

Тус яамнаас “Газрын тос боловсруулах үйлдвэр, баазуудад 2.1 сая орчим тонн автобензин, дөрвөн сая тонн дизель түлшний нөөц хуримтлагдсан нь дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлсэн” гэж мэдээлжээ.

ОХУ-ын Засгийн газар эрэлт ихтэй үед түлш шатахууны дотоодын захын тогтвортой байдлыг хангах үүднээс гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-нийг хүртэл бензиний экспортыг хориглосон.

Гэвч олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүргэхэд шаардлагатай болон хувийн хэрэгцээнд зориулсан түлш шатахуун, Евразийн Эдийн засгийн холбооны гишүүн орнуудад засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлж буй түлш шатахуунд хориг тавиагүй байна.

Эх сурвалж: TASS, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу