Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт өнгөрөгч амралтын өдөр (2024.05.18) зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас хоёр хүн газар дээрээ нас барсан байна. Эдгээр хүмүүс Монгол Улсад орчин цагийн музей үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг 21 аймаг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэх урлаг, соёлын арга хэмжээнд оролцохоор явж байсан гэх мэдээлэл байгаа юм.

Уг асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулахад “Ослын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Тамгын газрын дарга Ө.Сувдаагаас ав. Хариуцаж ажиллаж байгаа бөгөөд амь насаа алдсан иргэдийн ар гэртэй уулзах ажлыг зохион байгуулж байгаа” гэсэн юм. 

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаатай холбогдон тодруулахад тэрбээр “Машинд нийт таван хүн зорчиж явснаас хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алдаж, гурван иргэн бэртсэн. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын Соёлын төвийн эрхлэгч болон Номгон тосгоны Соёлын төвийн мэргэжилтэн нар ослын улмаас амь хохирсон болох нь тогтоогдсон.

Ослын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнтэй Засаг даргын Тамгын газраас уулзаж, бүх шатны дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Бэртсэн иргэд аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хагалгааны төлбөрт аймгийн удирдлага дэмжлэг үзүүлнэ. 

Тэд Музейн Олон Улсын Үндэсний зөвлөлөөс ирүүлсэн бичгийн хүрээнд уулзалтад оролцохоор явсан нь тогтоогдсон. Аймгийн Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн сургалт зохион байгуулахаар дуудаагүй. Одоогийн байдлаар ослын шалтгааныг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна” гэсэн хариулт өглөө. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу