Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.05.21) нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол явуулж байна.

Үдээс өмнө болсон сонсгол дээр Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүдийн асуусан асуултад хариулав.

Тэрбээр “Би анхны түр хороог удирдаж байсан. Зорилго нь иргэдэд мэдээлэл өгөх асуудал. Сугалж аваад, худалдан авалтаар сонсгол хийж байгаа нь дэлхийд байхгүй сонсгол. Гэхдээ энэ ажлыг явуулах нь зүйтэй.

Ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр 2022 оны есдүгээр сарын 1-нд ажлаа авсан. Би нийтийн тээвэр хариуцаагүй, салбар хариуцсан сайд. Нийтийн тээвэр яагаад надтай холбогдсон бэ.

Засгийн газрын гишүүнээр томилоход надад түгжрэлтэй тэмцэх үр дүнтэй бодлогын чиглэл гаргах даалгавар өгсөн. Би хэдхэн хоногийн дотор бодлогоо тодорхойлж танилцуулсны нэгдүгээрт нийтийн тээвэр байсан. Хоёрт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, авто замын сүлжээ байсан. Хот төлөвлөлт, соёл гэгээрэл, албадлага гээд таван арга хэмжээг тодорхойлсон. Удалгүй төсөв боох асуудал яригдсан.

Нийтийн тээврийн парк шинэчлэл надаас өмнө 2022 оны тавдугаар сарын 18-нд Засгийн газрын хуралдаанд Д.Сумъяабазар дарга асуудлаа танилцуулж, 101 чиглэлд 985 автобус явж байна. Цаашдаа 124 чиглэлд 1043 автобус явж хүртээмжтэй болно гэж гаргасан.

2021 онд 420 тэрбум төгрөгт хүрч, 70 тэрбумдаа багтаан парк шинэчлэл хийе гэж байхад намайг орж ирэхэд улаан автобусны санхүүжилт гацсан байсан. Энэ асуудал шийдэгдсэн. Би орж ирээд, автобустай ноцолдъё гэсэн бодлого бариагүй. Түгжрэлийн суурь асуудал нь нийтийн тээвэр байсан.

Өдөрт 500-600 мянган зорчигч хөдөлгөөн хийдэг. Энэ автобусууд 2025 гэхэд бүгд насжилт нь дуусахаар болсон байсан. Бас 10 жил хугацаатай ашиглах автобусыг хоёр жилээр сунгасан байсан.

Д.Сумъяабазарын үед олон жилийн хугацаанд парк шинэчлэл хийж чадахгүй 100, 100-гаараа овоороод, актлахаар болчихсон байсан. Энэ асуудал цочирдуулсан. Би хотын асуудал гээд орхиж болох байсан ч энэ асуудал руу орсон юм. Өнөөдөр 2022 оны есдүгээр сараас хойш олон нийт нийтийн тээврийн асуудлаар хүчтэй ярьж эхэлсэн.

Төсвийн асуудлыг Ерөнхий сайд дэмжиж, Засгийн газрын бодлого болгосон. ТЕГ өөрийгөө хамгаалж бичиг явуулж байгаа байх. Нийтийн тээврийн парк шинэчлэл Засгийн газрын ажил биш байсан. Нийслэлд өгсөн төсвийг надад өгөх гэж байсан. Би хүлээж авахгүй гэсэн. Тэгээд над дээр энэ төсөв боогдож орсон. Тэрнээс биш бодлого нь хотын нийтийн тээврийн асуудал үргэлжилж байгаа асуудал.

Өмнөх 2022 оны ажлаа гүйцээгээгүй явж байгаад над руу мөнгө нь тавигдсан. Шинжээч хууль зөрчсөнийг тогтоохгүй л дээ. Тийм байж болзошгүй гэдэг дүгнэлт гаргах байх. Шинжээч оролцож байгаа хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Зөрчсөн байна гээд мэдээлж байна. Хуулийн байгууллага биш.

Шүүх дээр энэ хэргийг хэлэлцэж байна. Удахгүй шүүх хурал болно. Өмнө нь Засгийн газар дээр хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал гэж танилцуулж байсан юм билээ. Тэр хуулийн 3.4 зүйл ангиар олон худалдан авалт хийсэн олон газар байдаг” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу