“Ногоон автобус”-ны нээлттэй сонсголоор “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд:

-Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл;

-Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авч буй.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд энэ үеэр үг хэлэхдээ “Ямар юмных нь худалдан авалт байх вэ дээ. Энэ бол анхнаасаа төлөвлөгдсөн зүйл байж. Шинжээчид бас ийм дүгнэлт гаргах ёстой байх.

Монгол Улсын нийслэлийн төсөвт анх удаа маш том үнийн дүнтэй ийм худалдан авалт тавигдсан байхгүй юу. Би сайн санаж байна. Энэ дээр нэлээн зодоон болсон. Сангийн сайд, Хөгжлийн сайд нар нэг талдаа гараад, нөгөө талд нь нийслэлд ийм мөнгө хэрэгтэй, нийслэл төсвийн хувьд биеэ даасан байх ёстой гээд сайхан сайхан юм ярьж явж байгаад, хулгай болчихсон. Зохион байгуулалттай байгаа биз.

Би юу хэлэх гээд байна вэ гэвэл “Хүүе, наад худалдан авалт чинь надад хамаагүй шүү. Тэр зохион байгуулсан нөхдөд нь хэлээрэй” гээд байна. Нийслэлийн Засаг дарга нь байхгүй, хариуцсан сайд нь “Би эрхээ шилжүүлсэн” гээд байхгүй.

Хэн хийсэн бэ гэхээр, одоо Тагнуулын ерөнхий газар буруутай болж байна шүү дээ. Дүгнэлт нь, төсөв дээр асуудал эрхэлсэн сайд нь оруулж тавьсан.

Нийслэлийн бүлэг 20 гаруй гишүүнтэй бүгдийг нь лоббидоод л яваад байсан. Энэ бол бодит үнэн. Бичиг баримтууд нь Нийслэлийн Засаг даргын өөрийнх нь гарын үсэгтэй явсан байгаа шүү. Араас нь Худалдан авах ажиллагааны газар цаасаа бүрдүүлээд явсан. Одоо энд хариулт өгөх хүн байхгүй. Хэдэн компанийн төлөөлөгч ирчихсэн байна.

Бид хууль хийгээд, төсөв батлаад байдаг. Гэтэл цаанаа энэ хүмүүст зориулж төсөв баталж өгдөг юм байна. Төсөв батлагдсан тохиолдолд тендер шалгаруулалтын процесс эхэлдэг. Гэтэл тийм юм байхгүй байна. Юу вэ, хаана амьдраад байгаа юм бэ? Хуультай орон юм уу, хуульгүй орон юм уу гэсэн асуудал гарч ирж байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу