Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвөөс Монгол Улсын Засгийн газрын гадаад зээлийн мэдээлэл, төслүүдийн санхүүгийн ил тод байдалд хийсэн судалгаагаа танилцууллаа. Судалгаагаар Засгийн газар гаднаас авсан зээл, тусламжаа зориулалтын бусаар ашигладаг, төсөл хөтөлбөрийнхөө зорилго төлөвлөгөөг нээлттэй мэдээлдэг хэрнэ үр дүнг нь мэдээлдэггүй зэрэг дүгнэлт гарчээ. 

Үүний шалтгааныг Эдийн засагч Н.Энхбаяр парламентын үйл ажиллагаатай холбон дараах байдлаар тайлбарлалаа. 

ТэрбээрТөсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зэрэг маш олон хуулиар үүрэг хариуцлага тусгасан байдаг ч төсвийн хөрөнгө, гадаад зээл, тусламжийг зарцуулсны дараах хяналт огт байдаггүй.

Парламентын чиг үүрэг бол тогтоол хууль гаргахаасаа гадна түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл ажлынх нь 80-90 хувь нь хууль хэлэлцэх, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болчихсон байна.

Сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улс 700 хуультай гэж байгаа. Ийм их хуулийн хэрэг байхгүй. Хуулиа дагаж мөрдөж байгаа эсэх асуудал л чухал. Гэтэл ийм олон хууль гаргаад асуудлаа улам л төвөгтэй болгоод байна. 

Жишээлбэл, жил болгоны УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг хэлэлцэн баталдаг. Энэ үед бүх алдаа, дутагдлаа ярьдаг. Ярьсан алдаа, дутагдлаа засахгүйгээр намрын чуулганаар дараа оны төсвөө хэлэлцчихдэг. Энэ маягаар өмнөх алдаагаа засахгүй яваад байгаа учраас бодлогын зөв циклгүй болчихсон байгаа юм. 

Тийм учраас парламент хяналт тавих үүргээ сайн биелүүлдэг болох шаардлагатай байна. Нэгэнт тогтоол баталсан бол тогтоолын хэрэгжилтээ Засгийн газраас асуух ёстой. 

Өмнөх тогтоолын үр дүнгээ үзэж байж, дараагийн тогтоолоо хэлэлцэх ёстой. Хэрэв өмнөх баталсан хууль, тогтоомж нь хэрэгжээгүй байвал УИХ дараагийн тогтоолыг батлахгүй, хүлээж авахгүй байх эрхтэй. Ингэж байж бодлогын зөв болно” хэмээн ярилаа. 

Эдийн засагчдын байр суурийг ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу