Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсгол үргэлжилж байна. 

Сонсголоор “Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт” сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож байна. 

Энэ үеэр шинжээч “2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр автобусны хөдөлгүүрээс шалтгаалж, үнийн өөрчлөлт орсон тул шинээр авах 606 автобусны тоог 600 болгож бууруулах санал ирснээр гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэвч зургаан автобусны зөрүү үнийг хасаж тооцоогүй байна. 

Нэг автобус тус бүрийн үнэ 336 сая 283 мянга 698 төгрөг буюу зургаан автобусны зөрүү үнэ нийт 2 тэрбум 17 сая 702 мянга 188 төгрөг байна. Энэ мөнгөн дүнг хасаж тооцоогүй” гэв.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тэнүүн Огоо” ХХК-тай автобус худалдан авах гэрээг анх 2023 оны нэгдүгээр сарын 27-нд байгуулжээ. Ингэхдээ Нийт 816 автобус 41 цэнэглэгчийг 317 тэрбум 949 сая 200 мянган төгрөгөөр авахаар тусгасан.  Үүнд,

  • Дизель хөдөлгүүртэй автобус 606 ширхэг,
  • Цахилгаан хөдөлгүүртэй автобус 160 ширхэг,
  • Дизель хөдөлгүүртэй дунд оврын автобус 50 ширхэгийг авахаар тооцжээ.

Гэрээнд 2023 оны хоёрдугаар сарын 10-нд өөрчлөлт оруулан автобусны тоог зургаагаар багасгасан байна. Гэвч үнийн дүнг нь бууруулаагүй байгаа юм. 

Дизель хөдөлгүүртэй автобусаас зургааг хасаж, 810 автобус, 41 цэнэглэгч авахаар болжээ. Гэтэл мөнгөн дүн нь 317 тэрбум 949 сая 200 мянган төгрөг хэвээр байгаа юм. 

Нэг автобус тус бүрийн үнэ 336 гаруй сая төгрөг. Тэгэхээр зургаан автобусны үнэ нийт 2 тэрбум гаруй төгрөгийг илүү төлжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу