Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсгол үргэлжилж байна. 

Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж буй. Сонсголын үеэр анхаарал татсан зүйл нь Түр хорооны дарга өөрөө 2009 онд автобусны “шууд” худалдан авалт хийж байсан гэх асуудал гарав. 

Ж.Бат-Эрдэнийн хувьд 2007-2012 оны хооронд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ингэхдээ 400 автобусны худалдан авах ажиллагаанд оролцжээ.

Энэ тухайгаа тэрбээр “Намайг ТНБД-аар ажиллаж байх үед 400 автобус орж ирсэн. Би номоор нь хийсэн. Сангийн яам руу хоёр, гурван удаа бичиг шидэлцэж байгаад, асуудал нь шийдэгдсэн байна лээ. Би тухайн үед Тагнуул гэж гүйгээгүй шүү. Ямар нэгэн байгууллагын ард нуугдаж, үндэсний аюулгүй байдал гэдэг зүйл яриагүй” хэмээв.

Харин эл асуудалтай холбоотой дараах мэдээллийг ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ цахим хуудастаа оруулжээ. Тэрбээр: 

1. Ямар нэг байгууллагын ард нуугдаагүй гэж 2009 онд Сангийн яамны ард нуугдаж байгаад тус яамны зөвшөөрлөөр “шууд” худалдан авалт хийсэн.

2. Тэр үед таны ТНБД-аар ажиллаж байсан яамнаас 400 автобус худалдан авах “нээлттэй” тендер зарлаагүй, харин богино хугацаатай, хязгаарлагдмал тендер зарлаж, гурван компанид санал хүргүүлснээс ганц Дэү компани санал ирүүлсэн байдаг.

3. Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй тул уг худалдан авах ажиллагааг цуцлах ёстой, тийм санал ч гаргасан байсан боловч Та нар Сангийн яамны зөвшөөрлөөр “шууд” гэрээ байгуулсан. Шууд гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Олон хууль зөрчсөн” гэсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу