Та бид өглөөнөөс үдэш хүртэл стресс бухимдлын үүр уурхайгаар алхаж яваад харьдаг гэхэд хилсдэхгүй болжээ. Зургаан цагт ажилдаа яаран гарч, автобусаа хүлээнэ. Ирсэн нэг нь хүний хөл гишгэх зайгүй. Тэгээд хоцролтой нь биш гээд орвол дуу чимээ гэж тамтаггүй их. Жолооч нь заалны микрофоноор “хойшоо яваад өг, яваад өг. Цаашаа яв л даа хөдөлж ядчих юм аа. Тэнд зай байна шүү дээ” гэж хашгирна. Юу билээ, юманд хөөгдөж яваа билүү ч гэж бодох шиг. Гэвч бид ийм байдалдаа бараг л дасчихсан. 
Ойр ойрхон автобус ирээд явдаг бол хамаагүй дараагийнхад нь суугаад явахсан. Гэтэл түгжрэлийн гайгаар нэг хэсэг ирдэггүй учир арга мухардана. Арай гэж чихэлдээд, автобусны хойд хэсэгт очвол чихэн дээр нийтийн дуу цангинаж гарна даа. Дуу ч яах вэ, гэж бодтол түс тас хийтэл тоормослож, түгжрэл дунд “алалцаж” эхэлнэ. Иймэрхүү байдлаар сэгсчүүлсээр зорьсон газраа ирнэ. Үүнээс цааш хэрхэн амжилттай зам гарах вэ гэдэг өрсөлдөөн эхэлнэ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмээр баруун эргэх эгнээний гэрэл явган хүнийхтэй хамт асдаг. Улмаар гэрлээрээ гарах гэтэл яг шагайд машин тулаад ирдэг. Төв замд арай дээр байж болох ч хорооллоос гарах болон нарийн замд энэ нь үнэхээр бэрх. Бага насны хүүхдэд бид ногоон гэрэл цагаан шугамыг мянга зааж сургасан ч бодит байдал дээр амь өрссөн л зүйл болж хувираад байна. 
Мөн явган хүний ногоон гэрэл, эргэх эгнээтэй давхар ассанаас нэлээдгүй түгжрэл ч үүсдэг нь худал биш. Гэхдээ ганцхан дүрэмтэй, ганцхан замтайгаас хойш өөр яалтай ч билээ гэж бодох. Гэтэл явган зорчих иргэдийн буруу ч бас нэлээдгүй байна.
Замын хөдөлгөөн нь гэрэл дохио болон зохицуулагчийн дохиогоор явагддаг. Гэрэл дохио ажиллахгүй болон шаардлагатай үед замын цагдаа хөдөлгөөнийг зохицуулна гэсэн үг. Хөдөлгөөний ачаалал ихэссэн үед замын цагдаагийн дохиогоор хөдөлгөөнд оролцоно. Харин энэ үед иргэд “гэрлэн дохиогоор л бид явах ёстой” гэсэн ойлголттой байдаг. Үүнээс үүдэж хөдөлгөөнд ихээр саад учруулдаг.
Чигээрээ явсан хөдөлгөөнийг даган зам гарах ёстой ч зохицуулагч яаж заана түүгээр л зорчих ёстой. Ингээд аль байдгаараа зохицуулж байсан цагдаагийн урам хугармаар дүр зураг бий болно доо. Хэтэрхий зөрүүд гэх үү, хэтэрхий мэдлэггүй гэх үү. Жолооч нар ч үүнд бухимдан хараалаа барж, дуут дохио хангинуулна. Бас заавал шар гэрэл асаж дуусаад, улаан болохын даваан дээр дараагийн уулзвар руу чихээд орчихно. Ингээд л их хотын маань өдөр бүр давтагддаг түгжрэл, бухимдал, хараал ерөөл үргэлжилнэ.
Гарц гаргалгааг хаанаас хайх вэ. “Хөөе цагдаа, энэ намайг гэрлээрээ алхаж байхад мөргөх шахлаа” гэж хашгирах уу. Замын хөдөлгөөнд явган зорчигч ер нь яаж оролцох ёстойгоо унших уу. Бид үнэхээр их хотын хөдөлгөөнд дасаагүй гэж үү.
Ийнхүү бужигнаж байгаад орой болоход бүр ч илүү адал явдал эхэлнэ. Автобусны буудал дээр дүүрэн хүн автобус харуулдана. Арай гэж нэг автобус ирээд байрлалаа аваад зогсох гэтэл морь бариач шиг л урдаас нь гүйж, хаалга нь автоматаар онгойх юм шиг хажууд нь зэрэгцэж эхэлнэ. Ингээд өнөөх автобус халаасандаа орж, дүрмийн дагуу зогсож чадахгүйд хүрнэ.
Улмаар арын автобус ч мөн адил зам дээр хүнээ буулгаж, суулгана. Автобус дотор өнөөх л “Хойшоо, хойшоо яв л даа. Юундаа зогсдог юм бэ, шах л даа” гэх цэргийн бэлтгэл мэт үгс цуурайтна. Мөн нийтийн дуу хамаг чанга дээрээ байна шүү дээ.
Ийнхүү тамын тойрог шиг үйл явдал өдөр бүр өрнөнө. Эндээс хэн яаж гарах, яаж тайван уужуу цэгцлэх талаар нэг ч бодож буй дүр зураг үгүй. Утсаа оролдож оролдож, муухай харж харж л бууна.
Сонгуулийн амлалт  бидний хүнд өдрүүдийг хэзээ ч сайхан болгоогүйг харж байна. Энэ бүхнийг үр хүүхдэдээ харин өвлүүлэхгүй юмсан, монголчууд аа.
Нийслэл удирдлага амьхандаа нэмэх, сайжруулах ажлууд хийсээр байгаа ч нэг л тун нь таарч өгөхгүй байх шиг. Эсвэл та бид өөрсдөө нийгмийн хандлагаа өөрчлөх гээд үзэх үү.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу