Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 

Сонсголын эхний өдөр “Нийтийн тээврийн автобус төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр, түүний үндэслэл”, “Худалдан авалтыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулсан байдлыг шинжлэн судлах”, “Нийтийн тээврийн автобус нийлүүлэгчтэй байгуулсан гэрээ, түүний нэмэлт, өөрчлөлт” зэрэг асуудлын хүрээнд мэдээлэл сонсож, гэрчүүдээс асуусан. 

Энэ үеэр Хотын дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудсан боловч тэр ирээгүй. Түүнд мэдэгдэх хуудас хүрүгүүлэхэд тэрбээр сонсголд оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй талаар Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн юм. 

Ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлын хамгийн том гэрчүүдийн нэг нь Хотын дарга асан Д.Сумъяабазар. Тиймээс өнөөдрийн сонсголд түүний ирэх эсэх анхаарал татаж байна. 

Сануулахад, сонсголд нийт 98 хүнийг гэрчээр дуудаад буй. Тухайлбал, 

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
  • Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын Санхүү, төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын хүмүүсийг гэрчээр дуудсан юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу