Агаарын тээврийн “Singapore Airlines” компанийн Лондон-Сингапурын чиглэлд нислэг үйлдэж байсан нисэх онгоц агаарын хүчтэй турбулент урсгалд орж, чичиргээ үүссэний улмаас нэг хүн нас барж, 71 хүн бэртэж гэмтжээ.

“Boeing 777-300ER” онгоцны чиглэлийг өөрчилж, Бангкок хотод буулгасан байна. Онгоцонд нийт 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүн байжээ.

“Сингапур Эйрлайнс” компани фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бэртэж гэмтсэн 30 зорчигч эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад хүн амбулаторийн тусламж авсан” гэж мэдээлсэн байна.

Ослын улмаас нас барсан зорчигч Их Британийн иргэн, 73 настай, эрэгтэй Жефф Китчен байсан аж.

Бангкокийн “Суварнабхуми” олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий менежер Киттипонг Киттикачорн Мягмар гарагт “Талийгаач зүрхний өвчтэй байсныг урьдчилсан шалгалтын явцад тоогтоогоод байгаа бөгөөд задлан шинжилгээ үргэлжилж байна” гэж мэдэгджээ.

Китчен нас барсныг 35 гаруй жилийн турш ажилласан “Thornbury Musical Theatre” группийнхэн нь баталсан бөгөөд түүнийг үнэнч шударга зантай, жинхэнэ жентельмен байсан хэмээжээ. Их Британийн Гадаад хэргийн яамнаас “CNN” телевизэд “Амиа алдсан зорчигчийн гэр бүлд дэмжлэг үзүүлж байна” гэж мэдээлсэн байна.

Нисэх онгоц орон нутгийн цагаар Мягмар гаргийн 15:45 цагт Тайландын нийслэлд газарджээ.

Онгоцны багийн гишүүд онгоц газардахаас 10 минутын өмнө ослын буулт хийх болсноо мэдэгдсэн аж. Энэ үеэр хэд хэдэн зорчигчийн гар хугарч, бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнхийнх нь нүүр, бие зүсэгдэж, хөхөрсөн байна.

К.Киттикачорн “Бэртэж гэмтсэн хүмүүсийн заримыг ойролцоох “Самитивеж Сринакарин” эмнэлэгт хүргэсэн, 200 орчим зорчигч зорьсон газар руугаа нисэхээр хүлээж байна” гэж хэлжээ. Удалгүй 211 зорчигчийн 131 нь Бангкокоос Сингапур руу ниссэн байна.

Эмнэлгийн удирдлагын мэдээлснээр, Малайз, Их Британи, Шинэ Зеланд, Испани, АНУ, Ирланд зэрэг улсын 71 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдээс зургаа нь хүнд бэртэл авчээ.

Нисэх онгоц хүчтэй аянга цахилгаантай тулгарсан байх магадлалтай

Агаарын тээврийн хяналтын FlightRadar24 сайт өөрийн мэдээлэлд үндэслэн, Сингапурын агаарын тээврийн SQ321 нислэгийн онгоц Мьянмарын нутаг дэвсгэр дээгүүр нисэж өнгөрөхдөө хүчтэй аянга цахилгаантай тулгарсан байх магадлалтай гэж мэдээлжээ.

Нислэг хянах радарт “Онгоц 11000 метрийн өндөрт агаарын хүчтэй урсгалд орж, доошилсноо огцом хөөрч, дахин доошилсон тул хүчтэй донсолгоо 90 секунд орчим хугацаанд үргэлжилсэн” гэж бүртгэгдсэн байна.

Энэ нь агаарын тээврийн компанийн мэдэгдэлтэй нийцэж байгаа бөгөөд онгоц хөөрснөөс хойш 10 цагийн дараа 37000 футын өндөрт Ирраваддигийн сав газар [Мьянмарын гол)-ын дээгүүр гэнэтийн хүчтэй аянга цахилгаантай тулгарсан гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу