Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор “Худалдан авсан автобусууд нь техникийн хяналтад заасан шаардлагыг хангасан эсэх” сэдвийн хүрээнд мэдээлэл сонсож, гэрчүүдээс асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Улаан цайм хулгай хийхээсээ ичдэггүй юм уу, гайхаад байх юм. Хувийн хэвшлийнхэн мөнгө өгөөд тоодоггүй юм байж. Нийслэлийнхэн яасан ичдэггүй юм бэ. Шаардлага хангахгүй автобусуудыг гарын үсэг зураад хүлээгээд авчихсан байх юм. Ажлын хэсгийн ахлагч нь Баярмаа, Мөнхболд, Дөлгөөн. Та хэдийг гарын үсэг зураад бай гэдэг юм уу.

“Тэнүүн Огоо” ХХК-аас эхний 20 автобусыг хүлээж авсан Ажлын хэсгийн дарга Б.Мөнхболд: Манай автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй. 2023 оны зургаадугаар сарын 12-нд байгуулагдсан. Уг ажлын хэсэг дөрвөн удаагийн нийлүүлэлтээр автобусуудыг акт дүгнэлт үйлдэн хүлээлцүүлж, хүлээж авсан байгаа. 2023 оны наймдугаар сарын 14-ний өдрийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобусанд акт дүгнэлт үйлдэхээр автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг ажилласан. Уг автобусуудыг хүлээн авч акт дүгнэлт үйлдэхэд ажлын даалгавар техникийн нөхцөлүүдэд найман төрлийн зөрчил шаардлагыг гаргаж тавьсан. Үүнээс үүдээд эдгээр автобусыг хүлээж авах боломжгүй гэж дүгнээд удирдлагуудад танилцуулсан.

Танилцуулахад Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сарын 1 гэхэд энэ автобусууд графикийнхаа дагуу орж ирсэн байх ёстой. Дараа дараагийнхаа автобусуудыг оруулж ирэхэд санхүүжилтийн асуудлууд гацаад байна. Тиймээс энэ удаагийнхыг байгаагаар нь хүлээгээд авчих. Дараагийн удаа бид ажлын даалгавар дээр байгаа техник нөхцөлийн үзүүлэлтийг хангасан автобус нийлүүлнэ” гэсэн. Ингээд удирдлагаас ирсэн чиглэлийн дагуу бид гарын үсэг зурж хүлээж авсан.

Ж.Чинбүрэн: Нэр устай нь ярь, албан тушаалтныг нь хэл

Б.Мөнхболд: Нийтийн тээврийн газрын даргадаа танилцуултал намайг өрөөндөө дуудаад уулзсан.

Ж.Бат-Эрдэнэ: Баатаржав уу?

Б.Мөнхболд: С.Жавхлантбаатар.

С.Жавхлантбаатар: Ажлын хэсгийн дарга автобусанд дутуу зүйлс байгааг танилцуулсан. Би ч үүнийг салбарын сайдад танилцуулсан. Санхүүжилт зогсвол дараагийн автобуснууд орж ирэх ажилд гацаа үүсэх тул “Шийдээд яв” гэдэг шат шатандаа чиглэл өгөгдсөн

Ж.Бат-Эрдэнэ: Сайдаа чирч байна байна шүү. Ж.Сүхбаатар сайдыг дуудахаар болж байна даа.

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу