“Газар эзэмших, өмчлөх хүсэлтэй иргэдийн холбоо”-ноос  Монгол улсын иргэн бүрд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байна. Энэ тухай хэвлэлийн хурал өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д боллоо.

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгч Б.Жагар “Одоо цагт хамгийн тулгамдаад байгаа асуудал бол газар эзэмших тухай асуудал юм.  Иргэдийн эх орондоо эзэн байх эрх ноцтой зөрчигдөж байна. Яармагийн замын урд талын газрууд ихэнх нь зар дээр байгаа. “100 га газар зарна”, “30 га газар 15 тэрбум төгрөгөөр зарна” гэх мэт. Ямар хүмүүст нь ийм их газар олдоод, ямар иргэд нь нэг хашаандаа  гурав, дөрвөн өрхөөрөө амьдраад байна вэ. Энд тэгш эрх, тэгш боломж гэж алга.

Иргэдийг төлөөлж сонгогдсон төлөөлөгч нь тоглоомын талбай барина гэхэд газар олддоггүй юм билээ.  Нийслэлд төслөө танилцуулж батлуулсан ч улсын хэмжээнд шийдэж өгөхгүй байгаа. Шүүх дээр очоод газрын алба зохион байгуулалттайгаар ялагддаг. Ийм байгаа юм чинь иргэдэд бүр яагаад ч олдохгүй болж байгаа юм байна.  Дүүргийн болон Нийслэлийн газрын алба, Засаг дарга нар  сэтгэлзүйн бэлтгэлтэй байгаарай. Бид мянга  мянгаар нь иргэдийн өргөдлийг явуулна. Эдгээр өргөдлийг шийдэхгүй гэх эрх байхгүй.

Тухайн аймаг, дүүрэг, нийслэлийн засаг дарга нар албадуудаа хуралдуулаад, бодлогоо төлөвлөөд шийдэх ёстой. Хорин нэгэн аймаг, есөн дүүргээс энэхүү өргөдлийг цуглуулах болно.

Иргэд газраа өмчлөж чадахгүй байгаа шалтгаанууд гэвэл нэгдүгээрт, иргэд өөрсдөө хайнга хандаж байна. Хоёрдугаар төрийн хүнд суртал. Иргэд газраа өмчлөх гээд өргөдлөө бариад орохоор арван иргэний нэгийнх нь л асуудал шийдэгддэг. Түгээмэл асуудал нь кадастрын зургийн давхцал зэрэг асуудлаар хүсэлтийг удаашруулдаг, хүлээн авахаас татгалздаг. Ингээд яваандаа өнөөх газар өмчлөх ажлаа орхигдуулдаг. 2003 оноос хэрэгжиж эхэлснээс хойш газраа өмчилж чадсан иргэдийн тоо маш хангалтгүй байна гэж үзэж байна. Иргэдэд ч мөн мэдээ мэдээллийг хүргэж ажиллая.

Мөн, 21 аймаг, есөн дүүргийн газрын асуудал эрхэлсэн байгууллагын толдорхой албан тушаалтнуудыг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулаач гэж байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилт 2028 онд дуусгавар болно. Үүнээс өмнө амжиж иргэн бүр харьяа дүүргийнхээ газрын албанд өргөдөл хүсэлтээ өгөөрэй гэж хүсье. Хүнд суртал гарч, асуудал удааширвал бидэнд хандаж хамтарч ажиллахыг хүсэж байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу