Монгол Улсын Их Хурлаас “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” анхдагч хуулийг соёрхон баталсан бөгөөд тус хуулийг олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллагад таниулан сурталчлах зорилгоор “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” өдөрлөгийг өнөөдөр (2024.05.22) Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.    
Уг өдөрлөгийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зохион байгуулж, хамтран зохион байгуулагчаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, биеийн тамир спортын улсын хороо, ТББ-ууд, мэргэжлийн холбоод оролцож байна.
Талбайн урд хэсэгт цомхон зассан асруудад иргэд ихээр дугаарлаж байлаа. Энд анхан шатны болон мэргэжлийн бүх төрлийн үзлэг, мэдээлэл зөвлөгөөг өгч байсан юм. ИРгэдийн тэр бүрчлэн мэддэггүй, заавал эмнэлэг дээр биечлэн очиж байж л учрыг олдог олон асуудал байдаг аж. Тиймээс энэхүү өдөрлөгийг үр дүнтэй болж байгааг иргэд хэлж байлаа.
Мөн арга хэмжээний талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд:
“Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” анхдагч хуулийг соёрхон баталсан. Энэ хуулийн ач холбогдлыг иргэдэд таниулах мөн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг орон даяар хэрэгжүүлж байна. Энэ удаад нийслэлийн төв талбайд энэхүү өдөрлөгийн есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Иргэдийг өвчлөхөөсөө өмнө эрүүл байх боломж үргэлж бидний гарт байдаг гэдгийг ойлгуулахад бидний зорилго оршино” гэлээ.
Иргэд ч арга хэмжээнд ам сайтай байгаа нь андашгүй. Энэ удаагийн өдөрлөгт оролцож буй иргэдийн ихэнх нь ахмад настнууд байлаа. Тэр бүрчлэн цахимд ойр байдаггүй тэдэнд үзлэг оношилгоо, мэдээллийг нэг дор нээлттэй хүргэж байгаа нь сайшаалтай байгаа талаар хуваалцсан юм.

Мөн өдөрлөгийн үеэр өвчлөлийн тохиолдол цөөн тоогоор илэрчээ. Энэ талаар  ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
“Өдөрлөгт Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн баг ажиллаж байна. Ингэхдээ гепатит B, C, D вирус, ДОХ, бэлгийн замын өвчлөл, сүрьеэгийн талаар үзлэг оношилгоо, мэдээллийг өгч байна. Мөн түргэвчилсэн оношлуураар дох, тэмбүү, гепатитын шинжилгээг явуулсан. Ингээд өглөөнөөс хойш зургаан хүнд B, C вирус илэрч хоёр иргэнд тэмбүүгийн тохиолдол илэрлээ.  Цаашид нийгмийн эрүүл мэндийн жилийн хүрээнд иргэд халдварт болон халдварт бус өвчний шинжилгээг зайлшгүй өгч эрт илрүүлэгд хамрагдах шаардлагатай нь харагдаж байна” гэлээ.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу