Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Зөөвч-Овоо”, “Дулаан-Уул”, “Өмнөт” гэсэн гурван талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Бадрах Энержи” ХХК эзэмшиж буй. Түүнээс “Кожеговь” ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн “Зөөвч-Овоо” ураны орд сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор орсон билээ.

“Бадрах энержи” компани “Зөөвч-Овоо” орд дээр үйлдвэрлэлийн туршилтын ажил хийж гүйцэтгэхэд шаардлагатай байгууламжуудыг барьж дуусгасан ба холбогдох зөвшөөрлүүдийг авсны дараа туршилтын ажлыг эхлүүлэхээ мэдэгдсэн.

Энэ дагуу өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйлдвэрлэлийн туршилтаа хийж дуусгасны үр дүнд тулгуурлан Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д нэмэлт тодотголууд хийгдэж буй.

“Бадрах Энержи” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч Францын төрийн өмчит “Орано Майнинг” компанийн гүйцэтгэх захирал Никола Мас Монголд ирэхдээ “ТЭЗҮ эцэслэгдсэнээр хуулийн дагуу хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ эхэлнэ. 2024 он гэхэд манайхаас хөрөнгө оруулалтын шийдвэр гарч, 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэж мэдэгдсэн билээ.

“Бадрах Энержи” компани төслийн хүрээнд бүрэн хүчин чадлаар ажилласнаар жилд 2500 тонн уран олборлож, экспортлохоор төлөвлөж буй.

АНУ-ын “The Time” сэтгүүл “Монгол Улсын анхны ураны төсөл болох “Зөөвч-Овоо” орд ирэх 30 жилийн хугацаанд жил бүр 2750 тонн уран үйлдвэрлэх боломжтой” гэж онцолсон байна. Энэ нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөрвөн хувийг бүрдүүлэх үзүүлэлт болж буй юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар болон “Orano Mining” компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ.

Францын “Orano Mining”-ийн хувь эзэмшдэг “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард хоёр сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төслийн онцлогтой холбоотой тодруулах зүйл их байсан тул хэлэлцээ сунжирсан. Гэвч дээрх гэрээний дэд ажлын хэсгүүдийн хэлэлцээ ойрын хугацаанд дуусаж, үндсэн гэрээний ажил руу шилжихээр бай” гэж онцолж байв.

“Бадрах Энержи” ХХК хэрэгцээнийхээ цахилгааныг бүхэлд нь нүүрстөрөгч багатай цахилгаанаар хангахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, хэрэгцээнийхээ 40 хувийг хүхрийн хүчлийн үйлдвэрээс ялгарах дулааныг эрчим хүчид хувирган хангахаар тооцоолжээ. Мөн уурхайн сайтын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хамгийн бага түвшинд байлгах үүднээс тус компани сайтынхаа эко дизайны судалгааг эхлүүлсэн байна.

Эл төсөл бүхэлдээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогод нийцээд зогсохгүй ногоон, тогтвортой, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих томоохон төсөл болохоор байгааг шинжээчид онцолж буй юм.

Эх сурвалж: THE TIME, BADRAKH ENERGY
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу