НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас Монгол оронд тохиосон зудад нэрвэгдсэн малчдад 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг гаргаснаа мэдэгдэв.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра энэ сарын 22-ны өдөр “Монгол Улс дахь хүмүүнлэгийн тусламжийн багаас зудтай тэмцэхэд малчдыг дэмжих талаар уриалга гаргасан. Үүний дагуу НҮБ-аас дээрх хэмжээний санхүүжилтийг олгож эхлээд байна гэв. Тусламжийг НҮБ-ын системийн гурван байгууллагаар дамжуулан, аймаг, орон нутгийн малчин өрх, иргэдэд хүргэж байна. Үүнд:

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 700 мянган ам.доллар, Хүн амын сан 350 мянган ам.доллар, Хүүхдийн сан 500 мянган ам.долларын тусламж үзүүлж байна.

Дээрх тусламжийг хөдөө, орон нутгийн, зудад хамгийн их хохирол амссан малчин өрхийн эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн 12 мянга гаруй хүн хүртэнэ.

НҮБ-ын Хүн амын сан зудад өртсөн эмэгтэйчүүд, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, дотуур байранд амьдарч байгаа өсвөр насны охид зэрэг нийт 4000 эмэгтэйд “Эрүүл ахуй, ариун цэврийн багц” тараана.

Зорилтот малчин өрхийн амьжиргааг дэмжих мөнгөн тусламж, хүнс болон хэрэгцээт зүйлийн эрхийн бичиг, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон боловсрол, хүнс тэжээлийн тусламжийг зудад хамгийн их нэрвэгдсэн 9 аймгийн 72 суманд хүргүүлнэ.

Тухайлбал, нэг өрхөд 660 мянган төгрөгөөр тооцон 2000 малчин өрхийн амьжиргааг сэргээхэд зориулж бэлэн мөнгийг Төрийн банкаар дамжуулан малчдын дансанд шилжүүлж байна” гэж мэдээлэв.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа “НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага зудын эрсдэлийг даван туулах, мал сүргийг эрүүлжүүлэх зорилгор 2 сая тун вакцин тарааж байна. Тодруулбал, хонины цэцэг өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх болон намжаах үүднээс дээрх хэмжээний вакциныг худалдан авч нийлүүлэх юм. Энэ талаар Монгол Улсын УОК, Мал эмнэлгийн ерөнхий газраас бидэнд мэдэгдсэн” гэв.

НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улс дахь НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн баг 200 мянган хүнд хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байгааг судалж тогтоосон. Ингэснээр хамгийн эмзэг хэсэг болох 77 мянган иргэнд материаллаг болон бэлэн мөнгөөр тусалж байна” гэж хэлсэн юм.

Тэрбээр “НҮБ Монгол оронд хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхээс гадна гамшгийн эрсдлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэхийг зорьж байна. Хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангах нь чухал байна. Энэ талаар тусгасан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг бид ямагт дэмжин ажиллана” гэж мэдэгдэв.

Дашрамд дурдахад, Нэгдсэн үндэстний байгууллага бэлчээрийн доройтолд хамгийн ихээр өртсөн бүс нутгуудад Төв Ази, тэр дундаа БНХАУ, Монгол Улс багтаж байгааг дурдсан. Тодруулбал, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид” тайланд дэлхийн хэмжээнд бэлчээрийн 50 хувь доройтоод буйг онцолжээ.

Бэлчээр нь дэлхийн гадаргуугийн 54 хувийг эзэлдэг бөгөөд үүний тэн хагас нь доройтсоноор дэлхийн хүнсний хангамжийн зургааны нэг, дэлхийн нүүрстөрөгчийг шингээгчийн гуравны нэг нь эрсдэлд орж байна. Иймд ялангуяа Монгол Улс малын тооноос илүү чанарт анхаарч, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болон бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу