Улаанбаатарт өчигдөр 23 цагаас эхэлж орсон бороо өнөөдөр (2024.05.24) үд хүртэл үргэлжилнэ. Мөн маргааш үргэлжлэн орж, зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.

Иймд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорын давхрын хамгаалалтыг бэхжүүлж аюулгүй байдлаа хангаж ажиллахыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25-НААС 29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Тавдугаар сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 26, 27-нд ихэнх нутгаар хална.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу