Улс төрийн намууд удирдах шатны байгууллагаараа нэр дэвшигчдээ тодруулан, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаа юм. Энэ удаагийн нэр дэвшилтээр намууд аймаг аймгийн төлөөллийг хангах зарчим барих ёстой.

Парламентын сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчлэх ёстой. Тухайн бүс нутгийн хүн амын тоонд дүйцүүлэн, парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх учиртай.

Аймаг, орон нутагт амьдарч буй сонгогчид эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлөх парламентын гишүүдтэй байх ёстой ч эрх баригч МАН энэ зарчмын дагуу яваагүй юм. Тухайлбал, Төвийн бүсэд Монгол Ардын Нам Сэлэнгэ аймгийг төлөөлүүлэн Д.Өнөрболор, Б.Цогтгэрэл, Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлэхээр болсон.

Харин Дархан-Уул аймгийн төлөөлөл болгон Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Б.Тулга нарыг, Төв аймгаас УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг нарыг нэр дэвшүүлсэн.

Өмнөх үе үеийн сонгуульд Төв аймагт МАН-аас гурван хүн нэр дэвшин өрсөлддөг байсан бол энэ удаа тэдний мандатын тоог хоёр болгон цөөлсөн нь төлөөллийн зарчим алдагдаж, өнгө мөнгөнд гүйцэгдсэн сонголт хийсэн талаар Төв аймгийн МАН-ын хорооны гишүүд ярьж байна.

Төв аймгийн гурван мандатыг хоёр болгон цөөлснөөр нэр дэвшихээ илэрхийлсэн аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Б.Нямжав, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар нар нэр дэвшилтийн гадна үлдсэн.

Тус аймгийн намын гишүүд “Бид намынхаа араас төрөөд, Сэлэнгийн Лхагвадорж өврөөс нь төрсөн юм уу” хэмээн ихэд бухимдан, “Сонгуулиар түүний эсрэг санал өгнө” хэмээн ихэд уцаарлангуй байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг 10 тэрбум төгрөгөөр нэр дэвших эрхээ худалдан авсан гэх яриа цахим орчинд түгж, хөшигний арын наймаа ил болж байна.

Тэгвэл Сэлэнгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг Төв аймгийн нэр дэвшигчийн квотыг дээрэмдсэн шалтгаан нь мөн мөнгөтэй холбоотой талаар шуугиж эхэлжээ.

УИХ-ын нэр бүхий гишүүн түүний квотыг Төв аймгаас булаах таксыг төлсөн хэмээх яриа хэдийнэ гарч, Төв аймгийн МАН-ынхан хамгийн их бухимдалтай байна.

Р.ЖАРГАЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу