Их сургуулийн гудамж уруудан алхана. Зуны эхэн сарын бороонд нялх моддын үнэр хамар цоргино. Ийм тансаг байдгийг анх удаа л мэдэрч буй мэт.
Зогсолтгүй үргэлжлэх машины цуваа ус татуулан одож, зөрж өнгөрөх хүмүүсийн тоо улам багасна. Яагаад ч юм бэ, бид бороонд хайртай, дуртай гэдэг хэр нь шүхэргүй, цувгүй алхдаг нь цөөхөн байдаг.
Ийм нэгэн зөөлөн бороотой үдшээр залуус л гадна харагдана. Хөтлөлцөөд гүйх, тэврэлдэн зогсох, бодлогошрон суух гээд л цөм залуус. Тэд бороог тэгтлээ л их хүлээж дээ.
Гараа халааснаасаа салгалгүй алхахдаа тогтоол ус туучин тоглож, гараа дэлгэн эргэлдмээр санагдахыг яана. Багад хашаандаа хамгийн том эрх чөлөөг олж, аялал нь дууссан аялагч мэт л гүйдэгсэн. Хацар, нүүр даган урсах дуслууд нь улам бүлээн санагдаж, битгий зогсоосой гэж бодогдоно.
Хамгийн нандин дурсамжийг нэхэн санах ганц боломж энэ дуслуудын чимээ ч байж болох. Чухамдаа бусад өдөр зогсоо зайгүй өнгөрснөө дурсаад байх нь тохиромжгүй. Энэ хэсэгхэн хугацаанд ч болов амьдралд минь тохиож байсан сайхан бүхнийг нэг дурсаад өнгөрөх нь харин утга учиртай.
Дэндүү урт юм шиг энэ богинохон амьдралд бидэнд дурсамжаас өөр юу үлдэх билээ дээ.
Гунихран суугаа бол, маргаашийн зээл төлөлт, төлөвлөгөөт ажлынхаа ард сэтгэл тавгүйхэн суугаа бол хэдхэн хором бороог чагнаад тайван суугаад үзээрэй гэж танд зөвлөе.
Магадгүй арван жилийн дараа та “Тэр ажлыг хийх гэж ёстой үзүүлж өгч билээ” гэж барагтай бол ярихгүй шүү дээ. Ядаж л та шүхрээ мартсан өдрөө жаахан хүүхэд шиг цамцаа нөмрөн гүйснээ санана. Дотно хүнтэйгээ хундага тулгаж, ирээдүйг ерөөж байсан өдрөө л дурсах болов уу.
Нүүр даган урсах бороог ийм дулаан байсныг сая нэг анзаарвал дахиад л ус туучин, гараа алдлан эргэлдмээр санагдана.
Мөн танд дараах дууг санал болгож байна. Хүйтэн өдрийн турш чихэвч л хань болох үе заримдаа байдаг шүү дээ
Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу