БНХАУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн Пүрэв гараг (2024.05.23)-т Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА)-ийн Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн эргэн тойронд хамтарсан сургуулилт эхлүүлснээ мэдэгдсэнийг “РИА Новости агентлаг уламжилсан.

Тус яамны мэдэгдэлд “Зүүн бүсийн цэргийн командлал Тайванийн хоолой, Тайвань арлаас хойш, урагш, зүүн хэсэгт, мөн Кинмен, Мацу, Вукиу, Доньин арлуудын орчимд хамтарсан сургуулилтыг тавдугаар сарын 23-ны 07.45 цагт эхлүүллээ” гэж дурджээ.

Зүүн бүсийн цэргийн командлалын албан ёсны төлөөлөгч Ли Си “Тавдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болох сургуулилтад хуурай зам, тэнгис, агаарын цэргийн хүчний болон пуужинт ангийн цэргүүд оролцоно” гэж мэдэгдсэн байна.

Хятадын Батлан хамгаалах яам Баасан гараг (2024.05.24)-т “Тайванийг тойрсон Хятадын цэргийн сургуулилт нь тус арлынхны “эрх мэдлийг булаан авах” чадамжийг шалгах зорилготой томоохон хэмжээний сургуулилт бөгөөд хоёр дахь өдрөө үргэлжилж байна” гэж мэдэгдэв.

Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд хийгдэж буй энэхүү цэргийн хамгийн том сургуулилт Тайванийн засаг захиргааны шинэ тэргүүн Лай Чин Дэг тангараг өргөснөөс хойш хэдхэн хоногийн дараа эхэлсэн. Тэрбээр өмнөх тэргүүн Цай Ин Вэний арлыг тусгаар улс болгох бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байгаа аж.

Бээжин Лайг “аюултай салан тусгаарлах үзэлтэн” гэж буруутгажээ. Учир нь тэрбээр өнгөрсөн Даваа гараг (2024.05.20)-т тангараг өргөхдөө Хятадын удирдагч Ши Жиньпиний үед Тайванийг айлган сүрдүүлэх ажиллагаа улам эрчимжиж буйг тэмдэглээд, энэ үйлдлээ зогсоохыг Хятадад уриалсан байна.

Тайбэйгийн зэвсэгт хүчнийг үл тоомсорлодог ХАЧА өнгөрсөн Пүрэв гаргийн өглөө сургуулилтаа эхлүүлж, Тайвань болон түүний арлуудын эргэн тойронд байлдааны хөлөг онгоц, сөнөөгч онгоцуудаа байрлуулжээ. Улмаар “Тайванийн салан тусгаарлах бодлого”-ын хариуд хатуу шийтгэл оноохоо илэрхийлсэн байна.

Хятадын эрх баригч Коммунист нам “Тайванийн тусгаар тогтнол нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд нийцэхгүй, Тайвань бол “Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг, Тайванийн хэрэг бол Хятадын дотоод хэрэг” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: CNN, RIA NOVOSTI, FRANCE24
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу