АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Дональд Трамп “Одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены харъяалагддаг Ардчилсан нам Америк орныг ‘сүйрүүлж’ байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр Нью-Йоркт болсон жагсаалын үеэр дэмжигчиддээ хандан “Ардчилсан нам бол бүтэлгүйтлийн, хэт туйлширсан, бүдүүлэг, чадваргүй нам. Тэд манай улсыг сүйрүүлэх гэж байна” хэмээн хэлсэн байна.

Трамп “АНУ өнгөрсөн хугацаанд илүү их ноцтой асуудлуудтай тулгарсан бөгөөд үүнийг даван туулж байж хүчирхэгжинэ” гэж тэмдэглэжээ. Тэрбээр “Би Америкийг дахин агуу, цэцэглэн хөгжсөн орон болгоно гэдэгтээ маш их итгэлтэй байна” гээд, “Хэрэв би сонгуульд ялбал юуны түрүүнд АНУ-ын хилээр хууль бусаар нэвтэрч буй цагаачдын урсгалыг зогсоож, хууль дээдлэх ёсыг сэргээж, татварыг бууруулна” гэж амалжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 5-нд болно. Трамп Бүгд найрамдах намаас төрийн тэргүүнд нэр дэвшихэд шаардлагатай төлөөлөгчдийн саналыг хэдийнэ авсан бол хоёр дахь удаагаа сонгуульд өрсөлдөх гэж буй Байден Ардчилсан намаас хангалттай тооны төлөөлөгчийн дэмжлэг авсан байна.

Дашрамд дурдахад, Доналд Трамп сонгуулийн кампанит ажилдаа криптовалютаар хандив авахаа зарлажээ. Тэрбээр энэхүү алхмаа АНУ-ын санхүүгийн зах зээлд “Социалист Засгийн газрын хяналтыг эсэргүүцэгчидтэй нэгдэж буй нэг хэлбэр” гэж тодорхойлсон байна.

Трампыг дэмжигчид “Coinbase Commerce” платформоор дамжуулан хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч криптовалют хандивлах боломжтой ажээ. Тэрбээр криптовалютаар хандив цуглуулж байгаа анхны нэр дэвшигч биш юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөгч Роберт Кеннеди Жуниор 2023 оны тавдугаар сард биткойноор хандив хүлээн авахаа зарласан. Сенатор Рэнд Пол 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа зориулж биткойноор хандив авч байжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу